Европт дахин дараалсан халдлагууд гарлаа

Данийн нийслэл Копенгаген хотноо өнөө өглөө буутай этгээд дараалсан хоёр халдлага үйлджээ. Халдлагын улмаас хоёр иргэн амиа алдаж таван хүн хүнд шархдсаны дотор цагдаагийн хоёр албан хаагч оржээ.

Одоогоор тус улсад онц байдал тогтоон зам харилцаанд хяналт тавьж, зорчиж байгаа бүх машинуудад цагдаа нар шалгалт хийж байна. Гудамжны камерт бичигдэн үлдсэн гэмт этгээдийн зургийг орон даяар тарааж хэвлэл мэдээллийнхэн мэдээлж байна.

Шведийн Зураач Ларс Вилкс хэмээгч нэгэн кафед олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж Дани дахь Францын элчин сайд Франсуа Зимераи зэрэг олны танил хүмүүс оролцон үг хэлж байх үеэр буутай этгээд гудамжнаас буудсан байна. Кафен цонхонд 200 гаруй бууны сумны нүх гарсан тухай гэрчүүд мэдээлсэн байна. Энэ халдлагын үеэр нэг хүн амь үрэгдэж гурван хүн шархдсан байна.

Энэ халдлагаас 10 минутын дараа 5 км зайтай газар дахин буудалцаан болжээ. Энэ үеэр мөн нэг хүн алагдаж хоёр цагдаагийн офицер шархдсан байна. Ийнхүү Европын хамгийн тайван орнуудад дараалсан халдлагууд гарсаар байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ