Буун дуу Европт тасрахгүй нь

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт АНУ-ын Хойд Каролинагийн их сургуулийн ойролцоо исламын шашинт гурван оюутныг буудан хөнөөсөн эмгэнэлт хэрэг гарч дэлхий нийтийг цочирдуулсан билээ.

Тэгвэл өчигдөр өглөө Данийн нийслэл Копенгагенд хоёр хүний аминд хүрч таван хүн шархдсан халдлага гарч Европыг түгшүүрт автуулаад байна.

Шашин хоорондын мөргөлдөөн гэхээс илүүтэй шашнаар нь ялгаварлан гадуурхаж бие биенээ хөнөөх, халдлага үйлдэх тохиолдол он гарснаас хойш ийнхүү эрс ихсэж буй нь олон улсын санааг зовоож байгаа билээ.

Чэйпел Хиллийн халдлага буюу исламын шашинт оюутнуудыг шашнаар нь ялгаварлан гадуурхагч хөрш нь буудан хөнөөсөн хэрэг тэртэй тэргүй Ойрхи Дорнод, арабын иргэдтэй хурцадмал харилцаанд ороод байгаа АНУ-ын байдлыг улам дордуулж, дахин хаана хэзээ халдлага гарах бол гэсэн айдас америк хүн бүрийг түгшээж байгаа тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Гэмт хэрэгтэн Крейг Стифен Хикс гэгч шашингүй үзэлтэн байсан бөгөөд өөрийн фэйсбүүк хуудаснаа исламын шашны эсрэг маш олон нийтлэл оруулдаг байсан нь энэ хэргийг үзэн ядалт, таагүй харилцаанаасбус шашны гадуурхлаас болж үйлдсэн хэмээн дэлхий нийтийн анхаарлыг татаад байна.

"Исламын улс" бүлэглэл хүний ёсноос гажууд аллага хядлагаа нэг ч өдөр үл зогсоож, Африк тивд "Боко Харам" аюулын харанга дэлдэж байхад Европт тэр тусмаа хүний эрх чөлөөг өндөрт дээдлэсэн хөгжин тивийн өндөр хөгжингүй, хамгийн тайван орнууд болох Бельги, Данид ийнхүү буун дуу тасрахаа болилоо.

Данийн нийслэл Копенгаген хотноо өчигдөр өглөө буутай этгээд дараалсан хоёр халдлага үйлдсэн юм.

Шведийн зураач, өмнө нь зөнч Мухамедыг элэглэн зурсан Ларс Вилкс хэмээгч нэгэн кафед хэвлэлийн эрх чөлөө ба бурхныг гутаан доромжлох сэдэвт асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байх үеэр буутай этгээд гал нээж нэг хүний амийг хөнөөн гурван цагдааг шархдуулсан юм.

Энэ халдлагаас нэг их удалгүй 5 километрийн зайд орших иудейчүүдийн сүмд дахин халдлага гарч нэг хүнийг хөнөөн хоёр цагдааг шархдуулаад гэмт этгээд хэргийн газраас зугтан одсон.

Ингээд Дани даяар онц байдал зарлаж цагдаа, тусгай хүчнийхэн гэмт этгээдийг эрэн сурвалжилсаны эцэст Копенгаген хотын Нёрребро дүүрэгт илрүүлэн улмаар удтал буудалцсаны эцэст цагдаа нар буудаж устгасан байна.

Сэжигтэн 55 орчим настай гэх ба илүү дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга байна.

Дараалсан хоёр халдлагыг энэхүү хөнөөгдсөн сэжигтэн ганцаараа үйлдсэн хэмээн цагдаа нар таамаглаж байгаа аж. Европын хамгийн тайван хотуудын нэг Копенгаген хотын агаарт нисдэг тэргүүд эргэлдэж, буутай цагдаа, цэргүүд гудамж болгонд эргүүл хийн, хөл хорио тогтоож оршин суугчид нь маш ихээр цочирдсон байдалтай байгаа тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Үүний өмнөхөн буюу хоёрдугаар сарын 14-нд Канадад Валентины өдрөөр гэмгүй иргэдийг буудан хөнөөх гэсэн халдлагыг тус улсын тусгайгийнхан тагнуулын байгууллагатай хамтран зогсоосон юм. Хууль хяналтынхны мэдээлснээр, халдлагыг хийхээр төлөвлөсөн исламын шашинтнууд олон нийтийн газар очин хүмүүсийг буудсаны дараа амиа егүүтгэх төлөвлөгөөтэй байсан гэнэ.

Мөн нэгдүгээр сарын сүүлээр Бельгид террорист халдлага хийхээр завдаж байсан хоёр этгээдийг цагдаа нар тусгай ажиллагаа явуулж устгасан билээ. Ийнхүү Европын хамгийн тайван орнууд төдийгүй АНУ, Канад, Австралид халдлага гарч нийгмийг айдаст автуулаад байна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ