"Исламын улс" 21 Египет залууг нэг дор цаазалжээ

“Исламын улс” алан хядах бүлэглэлд харьяалагддаг Ливийн гэмт этгээдүүд Египетийн христийн шашинтай 21 залууг хөнөөж буй бичлэгийг өнгөрсөн шөнө цахим ертөнцөөр тараажээ. Бичлэгт нийт 21 Египетийн коптик христ шашинтай залууг 21 алан хядагч дагуулан явж залуусыг өвдөг дээр нь сөхрүүлж, бусдаасаа өөр хувцасласан нэг нь “Бид Аллахын өгсөн даалгаврын дагуу Ромыг эзлэх болно” хэмээн хэлжээ.

Ингээд алан хядагчид залуусыг бөөнөөр нь хөнөөсөн байна. Мэргэжилтнүүд энэ бичлэгийг Ливийн нийслэл Триполи хотын баруун хэсэгт байрлах Газар дундын тэнгисийн эрэг дээр хийсэн хэмээн таамаглаж байгаа юм.

Энэ хэрэгтэй холбогдуулан Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси Ливийн гэмт этгээдүүдийн гарт амиа алдсан хүмүүсийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлж, Египет даяар долоо хоног гашуудал зарлаж буйг мэдэгдээд байна. Түүнчлэн египетчүүдийг Ливи рүү гарах, тус улсаас хүмүүс орж ирэхийг хориглосон байна. Одоогоор Египетийн Засгийн газар хуралдаж, хариу арга хэмжээ авах талаар хэлэлцэж байгаа юм. Алан хядагчдын гарт амиа алдсан дээрх хүмүүс өнгөрсөн оны сүүлээр Ливийн Сирт хотод барьцаалагджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ