Египет "Исламын улс"-ын эсрэг дайнд орлоо

“Исламын улс” алан хядах бүлэглэлд харьяалагддаг Ливийн гэмт этгээдүүд Египетийн христийн шашинтай 21 залууг хөнөөж буй бичлэгийг уржигдар шөнө цахим ертөнцөөр тарааснаар Египет улс "Исламын улс" бүлэглэлийн эсрэг дайнд татагдан ороод байна.
Бичлэгт Египетийн коптик христ шашинтай 21 залууг 21 алан хядагч дагуулан явж залуусыг өвдөг дээр нь сөхрүүлж, бусдаасаа өөр хувцасласан нэг нь “Бид Аллахын өгсөн даалгаврын дагуу ажиллаж байна” хэмээгээд цаазалсан юм.
Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси ард түмэндээ хандан үг хэлж Ливийн харгис алуурчдын гарт амиа алдсан хүмүүсийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлж, Египет даяар долоо хоног гашуудал зарлаж буйг мэдэгдсэн юм.
Үүний зэрэгцээ Абдель Фаттах ас-Сиси "Исламын улс” бүлэгтэй эвлэршгүй дайн зарлаж, Арабын лигийн бусад орнуудад хаа таарсан газар нь өчиггүй устгахыг уриалсан юм. Ингээд Египетийн Засгийн газар яаралтай хуралдаж Ливид агаарын цохилт хийж эхэлсэн төдийгүй Франц улсаас хамгийн сүүлийн үеийн сөнөөгч онгоцууд худалдаж авахаар гэрээ хийж эхэлжээ.
Египетчүүд ямартай ч Ливи дэх "Исламын улс" бүлэглэлийн байрлалуудад агаарын цохилт хийж эхэлсэн төдийгүй Сири, Ирак дахь эвслийн хүчний агаарын цохилтод оролцохоо мэдэгдээд байна. Одоогийн байдлаар Ливи рүү гарах, тус улсаас орж ирэхийг хориглож хилээ хаагаад байна.
АНУ-ын Төрийн департаментаас албан ёсны мэдэгдэл хийж Египетийн ард түмэнд эмгэнэл илэрхийлээд цэрэг зэвсгийн тал дээр тусламж үзүүлэхээ амлаад байна.
Египет улс ийнхүү "Исламын улс"-ын эсрэг зогссоноор жихадистуудын баруун зүгт дур зоргоороо аашилж байсан явдал бага ч атугай хумигдана хэмээн шинжээчид үзэж байгаа юм. Ливийн засгийн газар хүч султай, омог хоорондын мөргөлдөөн ихтэй, иргэний дайны хөлд сүйдсэн эдийн засаг гэхээр зүйлгүй байгааг далимдуулан "Исламын улс" бүлэглэл энэ улсад үүрээ сайн засаж авсан юм.
Дашрамд дурдахад коптик христүүд хэмээгч нь эртний Египетийг Арабууд эзэлж, исламын ертөнцийн нэгэн хэсэг болохоос өмнө шүтэж байсан ортодокс урсгалын шашин бөгөөд уугуул египетчүүдийг ийн нэрийддэг аж.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ