Музейн үүсэл, хөгжил, төлөвшил

-Олон улсын музейн өдөрт-
Музы хэмээх үг нь Грекийн mouseĩon үгнээс гаралтай бөгөөд эртний Грекийн домогт гардаг урлаг, яруу найраг, шинжлэх ухааныг ивээгч бурхан хэмээх утгыг агуулдаг ажээ. Сэргэн мандалтын эхэн үеэс өнөөгийн музей хэмээх үгийнутгыг илэрхийлэх болсон байна. Музей (урлагийн бурханы ордон буюу сүм) нь түүхийн дурсгалт эд өлөг, материалын болон оюуны соёлын өвийг цуглуулах, судлах, хадгалах, үзүүлэх, түүнчлэнтэдгээрийг алдаршуулан түмэн олонд түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрхэлдэг байгууллага юм.
Анх энэ ойлголт нь шинжлэх ухаан, урлагийн бүтээлийн зүйлсийгцуглуулах утгыг илэрхийлж байсан бөгөөд хожмоо XVIII зуунаас сонин шинэ олдворуудыг үзмэрдэглэн үзүүлдэг барилга байшинг багтаах болжээ. Харин XIX зуунаас музейн эд өлөгт хийхэрдэм шинжилгээ, судалгааны ажил эхэлсэн түүхтэй. ХХ зууны 60-аад оноос музейд соёл хүмүүжлийн ажлын үүрэг нэмэгдсэнээр олон улсын хэмжээнд иргэд, хүүхэд залуу үеийн эх оронч үзэл төлөвшилд чиглэсэн тусгай төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн байна.
Цахим техник, интернетийн хөгжлийг даган CD-ROM эсвэл интернетээр музейн үзмэрүүдийг биет бусаар сурталчлан үзүүлэх болов. 1946 онд музейн үйл ажиллагааг хөгжүүлэх, дэмжих зорилгоор Музейн олон улсын зөвлөл (ICOM англ. International Council of Museums) үүсэн байгуулагдаж, өнөөдөрдаян дэлхийн 115 улс орны 27500 гишүүнтэй болж өргөжин тэлжээ. Энэ байгууллага нь аль нэг гишүүн улсад гурван жил тутам хуралдаж асуудлаа шийддэг. 1977 оноос хойш музейн олон улсын баярын өдрийг жил бүрийн тавдугаар 18-нд дэлхий даяар тэмдэглэж байхаар Музейн олон улсын зөвлөлийн бага хурлаас шийдвэрлэсэн байна.
Энэ өдөр музей үзэхийг хүссэн бүхэнд үнэ төлбөргүй үйлчилж, үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн шинэ үзмэрээ “Даян дэлхийн өөр өөр үндэстэн, улс орнуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, өв соёлоо баяжуулах, солилцох чухал зууч бол музей юм” гэсэн уриан дор тайлбарлан сурталчилдаг. Олон улсад энэ баярыг тохиолдуулан улс, орон нутгийн хэмжээнд шинэ үзэсгэлэн нээх, наадам, музейгээс аялал, лекц унших, эрдэм шинжилгээний хурал, хүүхдэд зориулсан хөтөлбөр, музей-театрын тоглолтыг зохион байгуулдаг уламжлал тогтжээ.
Анхны Мусейон буюу музейгМТӨ 290 оны үедАлександр Птолемей сургуулийн зориулалтайгаар үүсгэн байгуулсан гэдэг. Энд дотуур байр, гал зуух, уншлагын танхим, амьтны хүрээлэн, цэцэрлэг, номын сан, одон орон судлалын байшин зэрэг байжээ. Хожим нь зурхай, анагаах ухааны багаж хэрэгсэл, амьтны чихмэл, цээж баримал, хөшөө нэмж тоноглосноор сургалтын үзүүлэн таниулах зорилгоор ашиглах болсон байна. Бусад энгийн сургуулиас ялгарах онцлогнь Мусейон төрөөс санхүүжиж, ажилтнууд нь цалин хүртдэг байв. Номын санд нь 750 мянга гаруй орчим гар бичмэл хадгалагдаж байсан гэнэ. МТ-ын 270 онд энэ Мусейон хийгээд Александрын номын сангийн ихэнх нь түймэрт өртөн үгүй болжээ.
Эртний Грект уламжлал ёсоор урлагийн бурхдын сүм, хийдэд тэдгээр бурханд зориулсан хөшөө дурсгал, уран зураг болон бусад урлагийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлдэг байв. Хожим нь Эртний Римийн үед хотын цэцэрлэг, халуун усны газар, театруудад уран зураг, цутгамал баримал байрлуулах болжээ. Тэр үеийн баячууд, алдарт хүмүүс нь сэрүүн лавриндаа дайны олзны урлагийн бүтээлийг зочиддоо үзүүлдэг байж. Ромын эзэн хаан Адриан баримал болон бусад урлагийн бүтээлийг хуулбарлах зарлиг буулгасан нь музейн хөгжилд ихээхэн дэвшил болов. Египетийн урлагийн бүтээлийн хуулбараар гоёл чимэглэл хийсэнАдрианы сэрүүн лаврин нь орчин үеийнмузейн загвар болсон гэдэг.
Ази тивийн хувьд хоёрдугаар мянганы эхэн үеэс Хятад, Япон улсад орон нутгийн хавсарга урлагийн бүтээлийг цуглуулж эхэлжээ. Дундад зууны үед сүм хийд дугануудад урлагийн бүтээл бүлэх үнэт эдлэл, баримал, эртний гар бичмэл зэргийг тоймлон үзүүлж байв. VII зуунаас дайны олз болох урлагийн бүтээлийг дэлгэн үзүүлэх болов.Дайны цагт төлөөс болон өргөлд өгөх зэрэгээр зарцуулж байсан нь сан хөмрөг дундрах, эсвэл нөхөн баяжуулахнөхцөлийг бүрдүүлж байжээ. Тухайлбал, Реймын сүмийн сан хөмрөг л гэхэд францчуудын цэрэг, дайны амжилт ялалтаас шууд хамаарч байсан гэдэг.
XVIII зуунд Европын олон улс орны нийгмийн амьдралын салшгүй нэг хэсэг нь нийтэд зориулсан музейтэйболсон явдал юм. 1750 онд Парис хотноо Palais de Luxembourg ордонд урлагийн зүтгэлтнүүд, оюутнуудын уран зургийг долоо хоногт хоёр өдөр олон нийтэд дэлгэн үзүүлэх шийдвэр гаргажээ. Хожим нь Франциск I вангийн хувийн цуглуулга, үзмэрийгЛуврын сан хөмрөгт шилжүүлсэн байна. Шинэ маягийн анхны музей Лондонд Британий музей 1753 онд нээгджээ. Тэр музейг үзэхийн тулд эхлээд бичгээр бүртгүүлдэг байж. Францын хувьсгалын нөлөөгөөр1793 онд нээгдсэн Лувр анхны нийтэд зориулсан том музей юм.
Монголд соёл иргэншилтэй бусад орнуудтай харьцуулахад музей харьцангүй хожуу үүсжээ. Монголчууд музейн дэлгэн тавих үзмэр төрөл зүйлийг ардын хувьсгалын дараахнаас эхлэн төрийн бодлогын хэмжээнд тавьсан гэж үздэг. 1921 оны эцсээр байгуулагдсан Судар бичгийн хурээлэнгийн анхны дүрэмд "Хүрээлэнгийн газраа музей хэмээх зүйл бүрийн сонин зүйлийг хураан цуглуулж, хүн үзэж танихуйд тус болгоно' гэж заасан байдаг.Ингээд 1924 онд200 гаруй үзмэр бүхий үндэсний музейг анх байгуулсан юм. 1940-1941 онд музейн үзмэрийг түүх, угсаатны зүй, урлаг. байгалийн дурсгалт зүйлийн хэсэгтэй болгон өргөтгөж,"Орон нутгийг судлах музей" гэж нэрлэх болсон байна.1956 онд тус музейг түүх, байгалийн үндсэн хоёр тасагтай болгосны гадна палеонтологийн бие даасан шинэ хэсэгтэйгээр өргөтгөн иж бүрэн шинэчилснээр "Улсын төв музей" гэж нэрлэсэн байна.
1960-аад оны дунд үеэс улсын Төв музейд Богдын ордон музей, Чойжин ламын сүм музей, Эрдэнэзуу. Амарбасгалант зэрэг түүх уран барилгуудын дурсгалт газруудыг харьяалуулжээ. 1931 онд ардын хувьсгалын 10 жилийн ойгоор манай улсын хоёр дахь том музей болох Хувьсгалын музей нь нээгдсэн байна. 1990-ээд оны нийгэм,улс төр, эдийн засгийн парадигмийн өөрчлөлт, түүний сөрөг дагаварууд музейн асуудлыг тойроогүй билээ. Зориулалтын барилга байшинг нь өөрчлөх, түрээслэх, худалдах, эд үзмэр үнэт зүйлс хулгайд алдагдах, хууль бусаар арилжаалагдах, мэргэжлийн боловсон хүчний хомсдолд орох зэрэг олон асуудал энэ нөхцөлд үүссэн билээ.
Өнөөдөр Монгол Улсын хувьд музей нь төв, орон нутгийг судлах болон төрөлжиж, хөгжлийн төлөвшлөө хэдийнэ олжээ. Гадаад дотоодын жуулчдын нүдийг хужирлан, дахин давтагдашгүй үндэсний соёлын өвийг хүүхэд залуучууддаа танин мэдүүлэх, тэднийг соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж иржээ. Мөн музейн тоног төхөөрөмж цахим хэрэгсэл, боловсон хүчний чадавх олон улсын музейн хөгжлийн өнөөгийн түвшинд хүрч байна.
С.Өлзийдүүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ