“Сэрүүн бороон”-нд дулаацахыг хүсвэл М.Эрдэнэбат тусална

Энэ шавилхан бор нөхөр бид эртний андууд гэхэд хилсдэхгүй. Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонин, МҮОНР-д сурвалжлагч байлаа. Нэг мэдэхэд мань хүн өгүүллэг бичдэг болж таарав. “Сонин юм аа” гэж бодож байснаа нуухгүй. Тэгтэл “Хөлгүй цэнхэр нуур” өгүүллэгийн анхны түүвэр нь гарчихдаг байгаа. Төдөлгүй кино болоод л. Удалгүй өнөөх чинь “Утгын чимэг”-ийн эзэн, “Алтан өд”-ийн баатраар тодроод талийж өгөв. Хүн дэргэдэхээ анзаардаггүй юм билээ. Олон жилийн өмнө өөрийн багын анд, Д.Нацагдоржийн шагналт, яруу найрагч А.Эрдэнэ-Очирт харин “Би том зохиолч болно оо. Чи харж л байгаарай” гэж хэлж байжээ. Тэр өөрийгөө мэдэрч байж. Зохиолчийн зөн гэж үүнийг л хэлэх байх. Түүний уран бүтээл “Юу ч мартаагүй”, “Сарны нулимс”, “Өдөр өдрийн нар”, “Хүний үнэр” гээд л хөвөрнө. Саяхан энэ бүхнийгээ нэгтгээд “Хүйтэн бороо” түүврээ гарган уншигчдынхаа гар дээр тавилаа. Ном хийгээд бүтээлийнхээ талаар тэр ийн ярив.
-Монголчуудын амьдралын дүр, зургийг өөрийн харж буйгаар үгээр зурав. “Хүйтэн бороо” жүжиг үзсэн хүмүүс мэдэрсэн байх. Амьдралыг элдвээр чимээгүй, байгаагаар нь, тэгэхдээ уран сайхны аргаар харуулсан гэж болно. Хүний дотоод сэтгэл рүү өнгийлөө гэж юм уу даа. Хуучин өгүүллэгүүдээсээ оруулсныг зарим нь шүүмжлэх аястай байна лээ. Тэднийг оруулсан түүврээ 500 хувь хэвлүүлсэн юм шүү дээ. “Хөлгүй цэнхэр нуур”-аа ч мөн адил. Надад ч нэг хувь нь байхгүй. Ийм номыг уншигчдад хүрсэн гэхэд учир дутагдалтай л даа. За тэгээд тэр үеийн хэвлэх ямар байлаа. Алдаа ч их гарчээ. Ингээд л дахин оруулах болсон доо. Миний бүтээлийн ихэнх кино, жүжиг болсон юм. Уншигчид эх зохиолтой нь танилцаг. Ямар байдгийг үзэг” гэв. “Хүйтэн бороо”-нд дулаацаарай. Тэгэхэд тань М.Эрдэнэбат тусална аа. Биеэс гадна сэтгэл дулаацах гэж ямар сайхан мэдрэмж байдгийг та мэдэх болно. Номын бүх дэлгүүрт буй.
Г.Мөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ