Ерөнхийлөгч Гацууртын ордод хориг тавих уу

Өнгөрсөн шөнө Ноён уулаа аварцгаая хөдөлгөөнийхний зүгээс Цагдаагийн байгууллага түргэн авч, бэлэн байдал зарласан талаар цахим хуудаснаа мэдээлжээ. Энэхүү мэдээллийг сонссон зарим иргэд мөргөлдөөн үүсэхээс сэрэмжилж өлсгөлөн зарласан хүмүүс дээр ирсэн байна. Болсон явдлыг тодруулбал, тухайн үед Чингэлтэй дүүргийн эмнэлгийн дарга тэнд байгаа хүмүүсийн биеийн байдал хүндэрсэн гээд тэднийг эмнэлэгт хүргэхээр ирцгээсэн аж. Харин тэрхүү шаардлагыг нь өлсгөлөн зарласан иргэд хүлээж авалгүй буцаасан байна. Эмнэлгийнхэн цагдаагийн алба хаагч нартай ирсэн бөгөөд энэ нь олон нийтэд байдал нэлээд хурцадсан мэт ойлголтыг төрүүлжээ. Ингээд 50 орчим ард иргэд өлсгөлөн зарлагсадтай өглөө болтол хамт байсан юм байна. Мөн тэдний зүгээс хийсэн мэдээлэл болон бусад пост, зурагнуудыг хакердаж устгаж байгаа талаар тэд хэлж байлаа. Гэхдээ энэ бол зөвхөн тэдний өгч байгаа мэдээлэл юм.

Монголын Байгаль Орчны Төлөөх Хуульчдын Холбооноос энэ сарын 02-ны өдөр МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шаардлага хүргүүлээд байгаа билээ. Тэгвэл тус шаардлагын хариуг 2015 оны 02 дугаар сарын 23-ны буюу өнөөдөр авах юм.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ТАНАА
ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ НЬ
Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч эрхэм Ерөнхийлөгч таны зарлигаас Их Хаадын сүнс сүлд оршсон нутгийг хамгаалан авч үлдэх нь шууд хамааралтай тул зөв шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Эртнээс нааш их хаадынхаа дээдсийн хоригийг хөндөх нь цөвүүн цагийг дэвэргэж үндэстэн устах аюултайг түүх гэрчилдэг.
1. Монголын нутаг дахь Хүннү гүрний ховор олдворуудын талаар:
Дэлхийд цор ганц нүүдэлчин соёлтой, түүхийн ховор нандин дурсгалтай манай соёлын өвүүд уул уурхайн үйл ажиллагааны хөлд нэрвэгдэн устах аюулд ороод байгаагийн нэг Монголын нутаг дэвсгэр дээр МЭӨ 209 он буюу хоёрдох мянган жилийн тэртээд байгуулагдаж Азийн нүүдлийн соёл иргэншлийн түүх судлалд Хүннү судлал, Хүннү гүрэн гэж түүхэнд алдаршсан Хараа голын эх Ноён уулын Сүжигт, Хужирт, Журамт гэсэн гурван амны эхэнд олдсон эртний булш олдворууд юм.
1972 оны ЮНЕСКО-гийн чуулганаар батлагдсан "Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тунхаглал" (Дэлхийн өвийн тунхаглал)-д үндэслэн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн археологийн, байгаль, соёлын дурсгалт үнэт зүйлсээ хойч үедээ өвлүүлэн үлдээхээр бүртгэн авран хамгаалж ирсэн. Энэ өвд бүртгүүлэх бидний хөөцөлдвөл зохих соёлын өвийг нэг нь Монголын нутаг дахь Хүннү гүрний булшны ховор олдворууд юм.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг нийгмийн зөвлөлийн удирдлаган дор байдаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарыг хөгжүүлэх зорилгоор 1945 оны 11 сард батлагдсан дүрмийн дагуу 1946 онд байгуулагдсан НҮБ-ын мэргэжлийн байгууллага.
Энэ байгууллагын Соёлын өв (Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэ цэнэ бүхий барилга болон археологийн дурсгал), Байгалийн өв (Үзэсгэлэнтэй, онгон зэрлэг байгаль бүхий газар нутаг), Хосолмол өв (Соёлын болон байгалийн өвүүд нэг дор орших газар), Устах аюулд буй өв (Хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хэцүү болсон, устах аюулд буй өв)-ийн төрлүүдийн нэг нь яалт ч үгүй Монголын нутаг дахь Хүннү гүрний ховор олдворууд гэж үзэж байна.
Доктор Л.Түдэв гуай энэ тухайд ...Хүн улс одоогоос бараг дөчин зууны тэртээ буюу өнөөгийн бидний тоолон дуусаж буй хорин зууны өмнөх мөн ийм хугацааны үед монголчуудын өвөг дээдэс дэлхийн бөмбөрцгийн 70 дугаар уртрагаас 120 дугаар уртрагийн хооронд 41-р өргөрөгөөс 70 дугаар өргөрөг хүртэлх өргөн уудам газар нутаг дээр улс гүрнээ байгуулахаар зайгүй тэмцэлдсэний хүчинд гүрэн улсаа төвшитгөн хүчин төгөлдөр мандуулсан түүхтэй билээ1 гэж бичсэн байдаг нь одоогийн энэ бүс нутагт Хүннүчүүд аж төрж байсанг нотлох археологийн арвин их өв, гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн олдворууд, түүнд хийсэн шинжилгээ судалгаагаар генетикийн хувьд ч монголчуудын дээд өвөг болохыг нотолсон эрдэмтдийн баримт нотолгоо болно.
Монгол улсын Шинжлэх ухааны акедемийн Археологийн Хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид олон жилийн турш гадаадын байгууллагуудтай хамтран Хүннүгийн булшинд археологийн судалгаа явуулж Төв аймгийн Батсүмбэр сум Ноён ууланд 230 булш бунхан олж илрүүлснээс 12 нь язгууртаны булш, 20 нь жижиг буюу дагуул булш гэж бүртгэсэн. Энэ ууланд хамгийн их олон язгууртаны оршуулгын газрын бөөгнөрөл байгааг тогтоосон. Харин өмнөд Монголоос язгууртаны булш олдоогүй нь Хүннү гүрний улс төр, эдийн засаг, соёлын төв голомт нутаг нь өнөөгийн Монгол улсад байсанг давхар баталж байна1 гэжээ. Дээрх судлаачдын бүтээлээс харахад Хүннүчүүд нь Монголчуудын өвөг гэдэг нь олон талаараа батлагдсан байдаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Монголын ард түмний түүх, соелын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна гэсэнг үндэслэн Монголын ард түмний бахархалт түүх төдийгүй Дэлхийн соёлын өв болох Хүннү гүрний үеийн дурсгалт булшны ховор олдворуудаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд Монгол улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэхь заалтын 3 хэсгийн Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэснийг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1дэх заалтын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн зарлиг, захирамж гаргана, 12 дугаар зүйлийн 12 дахь заалтын Үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг хангах болон өөрийн бүрэн эрхэд хамаарах бусад асуудлаар Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газарт чиглэл өгнө гэсэнг тус тус үндэслэн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхийг шаардаж байна.
2. Гацууртын алтны ордын талаар:
2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шөнийн 22:00 цагт УИХ-ын улсын төсвийн тодотгол хэлэлцэх чуулганы төгсгөлд стратегийн ордын нэрийг тодотгох нэрээр хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй, УИХ-аас баталсан стратегийн 15 орд, цаашлаад стратегийн ордод хамруулах үндэслэлтэй хэмээн үзсэн 39 ордын жагсаалтад ороогүй Гацууртын ордыг УИХ-ын дарга З.Энхболдын санаачлагаар сэм оруулж стратегийн ордод оруулж баталсан талаар шуугиж байна. Энэ тухай чуулганд суусан зарим гишүүд мэдээгүй байсан нь цаанаасаа зохион байгуулалттай, улс төрийн ямар нэгэн ашиг сонирхолтой байна гэж харагдаж байна.
Ноён уул дахь Гацууртын алтны ордыг Монголын иргэд, нутгийн ард түмэн эсэргүүцэн тэмцэж, шаардлага мэдэгдэл өгсөөр байгаа энэ үед иргэдээсээ асууж хэлэлцүүлэлгүй стратегийн ордод хамааруулж баталсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгчийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-р заалтын УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-аар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэсний дагуу тус хуралдаанаас гарсан УИХ-ын шийдвэрт хориг тавихыг шаардаж байна.
МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨЛӨӨХ ХУУЛЬЧДЫН ХОЛБОО
2015 оны 02 дүгээр сарын 02
/ шаардлагын хариуг 2015 оны 02 дугаар сарын 23-ны дотор авна /

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Гадаадад байгаа Монголчууд Сентерра гоулд компанитай тэмцэж, тус компанийн тухай орон орны хэлээр орчуулан, Монголд үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцэж буй талаар олон улсад мэдээлэл хийж байна.

Cентерра Гоулд кoмпанийн 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан 2015 оны 2 дугаар сарын 19-ны өдөр буюу шинийн нэгний өдөр, Намрын чуулганы хаалтын дараа тус байгууллагын цахим хуудсанд гарчээ. 2014 онд тус кoмпани нь 44.0 сая ам долларын алдагдалтай ажилласан ажээ. Мөн тэрхүү тайлангаас харахад тэдний хувьд Гацууртын орд нь маш чухал байгааг илэрхийлэхдээ Гацууртын ордыг Монголын парламент хэрхэн шийдэхээс хамаарч Сентерра Гоулд компанийн цаашдын мөнгөн урсгал, ашиг, үйл ажиллагаа болон санхүүгийн нөхцөл байдал шалтгаалах болохыг онцлон, их ач холбогдол өгч байгаа гэдгээ дурджээ. Үүнтэй холбоотой тус компанийн нэгж хувьцааны үнэ олон улсын хөрөнгийн зах зээл дээр унасаар байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ