Монгол хүүхэлдэйн кино модоо барив уу

Монгол хэмээн омогших сэтгэлтэй хүмүүс олон бий. Тэгвэл энэ Монгол Улсыг маань үе залгамжлан авч явах ирээдүйнхээ төлөө бид хэр сэтгэл гарган, анхаарал хандуулж чадаж байгааг захын жишээнээс харж болно. Өнөөдөр манайд хүүхэлдэйн кино хийж байгаа хүн байна уу?

Өнөөгийн нийгэмд үгүйрч, мөхөж буй зүйл өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Үгсийн баялаг сан аажим мартагдаж, газар нутаг эзгүйрч, цаашлаад Монгол гэж хэлэх юмгүй болох вий хэмээн эмзэглэж, өдөр тутамд ярьж хэлж байгаа ч гэлээ бид зөвхөн мөнгөний араас хэт улайрсаар. Газрын асуудлаас болж хүүхдийн тоглоомын талбай цөөрч байгааг мэдээллийн хэрэгслээр олонтаа яридаг. Энэ бүхэн бүгд бидний ирээдүй мөн. Үүнээс гадна нэг зүйл бидний амьдралд ор тас орхигдоод байх шиг.

Бид хүүхэд багачуудыг хэт баруунжиж байна, савангийн дуурьт автаж байна, Писи тоглоомын газраас салахаа болилоо, ухаалаг утас, табын тоглоомонд донтлоо гэж яридаг. Тэгвэл бидний өөрсдийн гэх зүйл юу байгаа юм бэ? Хүүхдэд зориулсан ном хэвлэл тодорхой хэмжээнд байгаа гэж үзье. Гэвч эдийн засгийн хямралтай, дээр нь ядуурлын тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа энэ үед тэр бүр өдрийн хоолноосоо хугасалж хүүхэддээ ном авч өгөх айл өрх цөөхөн. Тэгвэл өнөөдөр гэртээ зурагтгүй айл бараг үгүй. Боломжийнхоо хэрээр хэдэн сувгаа тойруулаад үзчихнэ. Харамсалтай нь хүүхдэд зориулсан, ялангуяа үндэсний гэх үзвэр даан ч хомс. Монгол хүүхэлдэйн кино бүр ч үгүйболсон. Хуучин цагт “Эрх цагаан ишиг”, “Арслан, өвгөн хоёр”, “Шаазан заан”, “Болдоггүй бор өвгөн” гэх мэтчилэн үндэсний агуулга, өв соёл, арга ухааныг өгүүлсэн олон хүүхэлдэйн кино гардаг байж. Хийж чаддаг ч байж. Бас сэтгэл ч байж. Хүүхдийн дуулалт жүжиг, хүүхдэд зориулсан теле зохиомжууд хүртэл хийдэг байсан. Харин одоо гадны бэлэн бүтээлийг орчуулж уншаад л гаргачихна. Ингэтлээ залхуу хойрго болчихсон юм уу, эсвэл хүүхдийн гэх уран бүтээлийг дэмжиж, тэтгэх сэтгэлтэй байгууллага, хүн үгүй болчихсон уу, ямартай ч хүүхдийн болон хүүхэлдэйн кино гарахаа больсон нь цор ганц үнэн.

Гадныхан манай багачуудад зориулж бидний өмнөөс тэдэнд анхаарал тавиад явж байхыг сонсоод бид хэчнээн өрөвдөлтэй улс болохоо мэдрэх юм. Тухайлбал, Солонгосын урлагийн их сургуулийнхан Монголын хүүхэд багачуудын сэтгэлгээг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс тэдэнд зориулсан урлагийн төслийг Багахангай дүүргийн “Хангай” цогцолборт хэрэгжүүлсэн байдаг. Ингэхдээ тэд монголын утга зохиолын төрлүүдээс судалж, хүүхэд багачуудад үлгэр, домог, туульс зэрэг ардын уламжлалт түүх, соёлыг олон арга замаар таниулахын зэрэгцээ өөрсдөө ч мөн тэдэнтэй хамт суралцаж, танин мэдэхүйгээ тэлж байх жишээтэй. Манайд зарим нэг төсөл хэрэгжиж комик төрлийн ном бүтэж, хүүхдийн гэх цөөн хэдэн нэвтрүүлэг гарч байна. Том том хүүхэлдэйн өмсгөл, баг зүүж, хөгжилтэй, сонирхолтой байдлаар хүүхдийн нэвтрүүлэг хийж байгааг үгүйсгэх аргагүй. Жишээ нь, “Тог тог”, “Бонго” гэх мэт. Гэвч хүүхэлдэйн киноны урлаг үүнээс тэс өөр төрөл. Хүүхдэд нөлөөлөх, сонирхол татах байдал, ерөнхийдөө анх бүтэхээсээ эхлээд үзэгчдэд үзвэр болж очтолоо бүх талаараа өөр. Тэгвэл энэ бүхэл том урлаг манайд зогсонги байдалд ороод байна. Үүнийг анзаарч хэлэх, энэ талаар дуугарах хүн ч үгүй болж. Хүүхэлдэйн киноны уран бүтээлчид, зураачид яагаад чимээгүй байгаа нь сонин. Магад илүү эрэлттэй, бэлтэйхэн бизнесийн урсгалаар явж байж болох юм.

Мөн цахим ертөнцөөс монгол хүүхэлдэйн киноны талаар судлах гэсэн боловч тоймтой мэдээлэл олдсонгүй. Чөлөөт нэвтэрхий толь болох Википедиад хүртэл "Таны орохыг хүссэн хуудас" байхгүй байна гэж гарч ирлээ. Харин нүүр ном буюу фэйсбүүкэд "Монгол үндэсний хүүхэлдэйн баатар юу байж болох вэ" гэсэн хуудас байна. Энд хүмүүсийн санал асуулга маягийн тоотой хэдхэн шинэ баатрын нэр байхаас бусад нь зар тавигдсан байв. Ингээд л цахим эрэл дууслаа.

Ийнхүү хүүхэд багачуудаа бид гаргуунд нь хаяад харь орны соёлын давалгаанд урсгаж, эцэст нь үндэсний гэх сэтгэлгээ устаж үгүй болохыг харах цаг ирэх вий дээ. Тэр үед “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр хий дэмий халаглаад сууж байх болно. Соц нийгмийн үеийг шүүмжлэх хүмүүс олон ч гэлээ тэр үеэс уламжлан авч үлдүүштэй зүйл их олон байжээ. Энэ бол ердөө бидний сэтгэл дутуугийнх.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ