Италийн шууданчнаас хүргэж өгөөгүй 400 кг захидал, илгээмж гарчээ

Италийн Сардини арлын Морис гэдэг жижигхэн тосгонд үйлчилж байсан шууданчны гараашнаас хүргэж өгөөгүй 400 гаруй кг захидал, илгээмжийг цагдаа нар илрүүлжээ. Одоо энэ цалгар назгай шуудангийн ажилтан гурван жил хүртэл хугацаагаар хоригдох ял сонсож болохыг Франс пресс агентлаг мэдээлсэн байна.

Бичиг захидал, илгээмжээ олон жилээр дутуу авсан нутгийн оршин суугчид олон удаа гомдол гаргасны дараа хэв журам сахиулагчид шууданчийн хэн болохыг сонирхжээ. “Тийнхүү нэгжлэг хийснээр зарим нь бүр 2009 оноор огноолсон илгээмжүүд гарсан юм” гэж цагдаагийн ажилтан Жанни ди Карло агентлагийн сурвалжлагчид хэлсэн байна.

Тосгоны 2000 оршин суугчаас олон хүн энэ цалгар назгай үйлдэлд хохирсон хэдий ч, шууданчийг бүхэлдээ эерэгээр үнэлжээ. “Тэр сайн хүн. Заримдаа нэлээд оройтож, хэтэрхий их уудаг байсан” гэж эндхийн зочид буудлын эзэн тайлбарлажээ. “Тэр заримдаа илгээмжийг хүргэхээсээ залхуурдаг байсан байх” гэж буудлын эзэн хэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ