Баатрын алуурчинг шүүж байна

Алдарт найруулагч Клинт Иствүүдийн найруулж дэлгэцнээ гаргасан “American Sniper” буюу “Америк мэргэн буудагч” кино асар өндөр ашиг орлогоороо ч тэр одоо Америкийн нийгэмд шуугиан тариад байгаа шүүх хуралтай холбоотой утгаараа ч тэр олны анхааралд байсаар байна. Киноны гол дүр болох мэргэн бууч Крис Каил бол бодит хүн юм.

Тэрээр АНУ-ын түүхэн дэх хамгийн олон дайснаа устгасан мэргэн бууч гэгддэг ба Иракийн дайнд оролцож 160 хүний аминд хүрсэн гэдэг боловч албан бус баримтаар үүнээс ч илүү байж мэдэх.

Иракийн дайны баатрыг 2013 онд тэнгисийн явган цэргийн байлдагч асан Эдди Рут хэмээгч ар нуруунаас нь буудаж хөнөөсөн юм.

Тэгвэл Клинт Иствудын кино бодит амьдралаас нь сэдэвлэгдсэн эрийг хөнөөсөн гэмтнийг шүүх хуралтай ийн давхцаж байгаа нь гайхалтай. Магадгүй зориуд ч тааруулсан биз. Америкчуудын ардын баатар болж хувирсан Крис Каилын амьдралыг Иствуд дэлгэцнээ хэрхэн хүүрнэсэн нь сонирхол татахын зэрэгцээ түүнийг хөнөөсөн алуурчинд шүүхээс ямар ял оноох бол гэсэн хүлээлт давхар америкчуудыг татаж байгаа юм.

Өчигдөр хоёр дахь шатны шүүх хурал болж Тангарагтны шүүхийн өмнө гэрч, өмгөөлөгч, яллагч нар үгээ хэлжээ.

2013 оны хоёрдугаар сарын 2-ны бямба гаригт юу болсныг шүүхийн танхимд дахин сануулсан байна. Тэр өглөө Каил Техасын Эрат дахь Раф Крикийн буудлагын талбай руу армид хамт алба хааж байсан анд нөхөр Чад Литтлфилдийн хамт явсан байна. Орой нь ахмад дайчдын эхнэрүүд аймшигтай мэдээ хүлээж авсан юм. Түүний нөхөр Каил, хамт явсан Литтлфилд нарыг олон удаа буудуулан амиа алдсан байхыг тухайн өдрийн 17.00 цагт Техасын буудлагын талбайгаас олсон байна.

АНУ-ын Тэнгисийн цэргийн байлдагч байсан 27 настай Эдди Рэй Рут сэтгэлийн гүн хямралд орсон учир ээж нь Каил, Литтлфилд нараас тусламж хүссэн бөгөөд тэд хүсэлтийн дагуу түүнд туслахаар буудлагын талбай руу дагуулж явсан байна. Орон нутгийн цагдаа нар Рутыг Каилын машинаар хэргийн газраас зугтааж явахад нь баривчилсан аж. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд дурдсанаар тэдний ар нуруунаас эхэлж буудсан бөгөөд хэн нь ч авч явсан зэвсгээ хэрэглэж амжаагүй байна. Прокурорууд Рутад ялын дээд хэмжээ төлөвлөөд байгаа бол өмгөөлөгч нь сэтгэцийн асуудалтай гэх шалтгаанаар ялаас хэлтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Каилтай хамт Рутын суманд оногдож амиа алдсан Чад Литллфилдийн төрсөн ах шүүхийн танхимд "Чи бол жинхэнэ баатрыг хөнөөсөн Америкийн шившиг" хэмээсэн байна. Шүүхээс түүнд бүх насаар нь хорих юмуу эсхүл цаазаар авах ял онооно хэмээн олон нийт хүлээж байгаа юм.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ