А.Билэгдэмбэрэл: Лам нарын дуудлагын үйлчилгээ бий болохгүй

Сар шинэ гарсантай холбогдуулан иргэд овоо тахиж, байгальдаа мөргөл үйлдэх зэргээр олон янзын зан үйл хийдэг. Тэгвэл сүүлийн үед бид энэ бүгдийг хэр зөв зохистой үйлдэж байгаа нь эргэлзээтэй санагдах болов. Тиймээс бид үүнтэй холбоотойгоор Дашчойлин хийдийн дэргэдэх Зүүн хүрээ коллежийн багш, докторант А.Билэгдэмбэрэлтэй ярилцсан юм.
-Монголчууд шинийн найман юм уу 15-нд засал хийлгэх нь сайн гэдэг. Одоо 15-н болох гэж байгаа болохоор энэ өдрийг илүү тодруулж асууя. Яагаад шинийн 15-ны өдөр засал хийлгэх ёстой вэ?
-Энэ өдөр бурхан багш өөр шашныхантай ном хаялцаж ялан дийлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн шашныхан ялбал ялагдсан нь тэр шашинд ордог номтой байж. Харин бурхан багш хаврын эхэн сарын шинийн 15-ны өдөр ялсан төдийгүй энэ өдөр дотоод сэтгэлийн их гэгээрэлд хүрсэн гэж үздэг. Тиймээс энэ өдрийг ингэж онцлох болсон.
-Өнөөдөр хүмүүс техник, технологи хөгжихийн хэрээр улам л бэлэнчлэх сэтгэлгээтэй болоод байгаа. Тэгвэл лам нарын хувьд дуудлагын үйлчилгээ нэвтрүүлэх боломж байдаг юм болов уу?
-Энэ бол боломжгүй зүйл. Цаашид ч дуудлагын үйлчилгээ бий болохгүй гэж бодож байна. Яагаад гэвэл бид зөвхөн сүм, хийддээ сууж, бясалгалаа хийж, залбиралаа үйлдэх ёстой. Яахав зарим лам нар айл гэрээр очиж ном уншдаг. Энэ бол буруу биш. Энэ нь танилын хүрээнд хүн хүндээ тусалж байгаа үйлдэл юм.
-Сүсэгтэнд ном уншиж байхдаа лам нар тухайн номынхоо дундуур нь утсаар ярих асуудал цөөнгүй байдаг. Ингэж болдог юм болов уу? Энэ нь хүний сүсэг бишрэлийг үл хүндэтгэсэн асуудал мөн үү?
-Мэдээж болохгүй л дээ. Тухайн хүнийг үл ойшоосон хэрэг мөн. Ном уншина гэдэг нь бясалгалын нэг арга. Хэрэв тэр лам үнэхээр бясалгалын өндөр чадвартай бол хэчнээн анхаарал нь сарнисан ч буцаад хэвийн байдалдаа орж чаддаг. Гэхдээ аливаа юмыг заавал муу өнцгөөс нь харах гээд яахав. Бас нэг талаар багш залгаж байж болно. Ямар ч тохиолдолд бид багшийн айлдварыг сонсох ёстой л доо. Үүнийг бас зөв ойлгох хэрэгтэй.
-Манайхан овоон дээр янз бүрийн л юм тавих юм. Бараг л хогийн цэг шиг л болсон байдаг. Жишээ нь, таяг, жолооны хүрд гээд л. Энэ хэр зөв үйлдэл юм бол?
-Бурхны ном, сударт бол яг тэгж заасан юм байхгүй. Таяг тавих ёстой ч гэдэг юм уу, энэ бол ердөө л мухар сүсэг. Манайхан идээ будаа өргөхдөө ч гэсэн сүүлийн үед сав суулганд хийж тавих болсноос тэр нь хөгцөрч, муудах, үмхийрч ойр хавиар нь муухай үнэр ханхлах гээд олон сөрөг үр дагаврыг бий болгох болсон. Зүгээр л байгаль дэлхийдээ цацаж өргөхөд болно шүү дээ.
-Сэржим өргөх нь сүүлийн үед өнгө үзэмжийн асуудал болж л дээ. Өөрөөр хэлбэл, тухайн хүн өөрийгөө бусдаас илүү гэдгээ харуулах гэж их савалгаатай, үнэтэй архи авчирч их хэмжээгээр цацаж харагддаг. Их, бага байх нь хэр ач холбогдолтой юм бол?
-Энэ бол тухайн хүний сүсэг бишрэлийн асуудал. Тэр хүн их хэмжээгээр өргөх тусам миний ажил үйлс илүү хурдан, сайн бүтнэ гэж бодож байвал тэр хэрээрээ л өргөнө. Үүнд ямар ч ялгаа байхгүй. Бага сэржим өргөлөө гээд ажил үйлс нь удааширна ч гэдэг юм уу, тийм ойлголт байхгүй.
-“Их хэмжээний сэржим өргөх нь буруу. Тухайн лус, бурхан мансуурч, мунхарна, тэгэхээр яаж бидний ажил үйлийг төгс бүтээж өгч чадах билээ” гэж нэгэн лам хэлж байсан юм. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Аливаа юмыг хэмжээ хязгаартай хэрэглэх нь зүйн хэрэг. Мэдээж хэмжээ хязгаартай хэрэглэх ёстой. Тэр бол нэг талаас нь харж хэлсэн байна. Гэхдээ үүнийг үгүйсгэх аргагүй. Нөгөө талаас энэ бол сүжгийн асуудал. Тэр хүн хэрхэн сүжиглэж байна түүгээрээ л байж болно. Гол нь хүний дотоод сэтгэл ямар байна, ямар сэдлээр өргөж байна тэр л хамгийн чухал. Баярхаж, бие биенээсээ өрсөж том том архиар сэржим өргөх байдал ажиглагддаг л юм. Тэр хүний л сэтгэл юм даа.
-Овоон дээр мөнгө тавих нь зөв үү?
-Овоо ямар мөнгө хэрэглэх биш. Мөнгө тавих хэрэг байхгүй. Ер нь том хайрхан бүрийн овооны дор жижиг жижиг овоонууд байдаг. Тэр овоонуудад нь сүү, идээгээ өргөх ёстой байдаг л даа. Бүгд л цэгцтэй байх хэрэгтэй дээ.
-Буддын шашин, бөө мөргөл хоёр хэр нийцтэй вэ? Эсвэл бүр эсрэг тэсрэг үзэлтэй байдаг уу?
-Буддын шашин бол аль ч урсгалыг хүлээн зөвшөөр гэж сургадаг. Христийн сүмд орсон ч ёс дүрмийн дагуу мөргө гэдэг ч юм уу. Бөө мөргөлийг ч хүлээн зөвшөөрдөг. Тэдний хийж байгаа зан үйл бүхнийг эсэргүүцдэггүй. Ер нь энэрэнгүй шашин юм.
-Утсаар сүсэгтэнтэйгээ "холбогдоод номоо уншиж байна шүү сайтар сүсэглээрэй" гээд гадуур хувийн ажлаа амжуулж явдаг лам нарын тухай яриа байдаг л даа. Тэдэнд хэн хяналт тавьж, ямар хариуцлага тооцдог вэ?
-Тухайн хийд ямар боловсон хүчин гаргаж байна гэдэг нь маш чухал л даа. Яг хариуцлага тооцох тогтсон тийм юм байхгүй. Гэхдээ нэг лам асуудал гаргалаа гэхэд бүгдийг нь тийм мэтээр хардаг манайхны туйлшрамтгай үзэл байдаг. Бидэн дунд маш олон мэдлэг боловсролтой том том сайн лам нар байна. Тэр бүгдийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Нэг америк хүн согтуу явж байлаа гэхэд америкчууд бүгд согтуу явдаг архичин гэж ярихгүй биз дээ. Түүнтэй л адил. Нэг лам хувцсаа халтар хувцас өмсчихсөн явж байвал манай лам нар бүгдээрээ халтар гэдэг ч юм уу. Энэ бол харьцангуй ойлголт юм.
-Дашчойлин хийдийн хувьд сүсэгтнүүддээ зориулж энэ жил хийх ажлаасаа дурдвал?
-Манай Зүүн хүрээ хийд маань Майдар бурхан бүтээх гэж байна. Одоогоор хөл буюу суурь нь тавигдаад байгаа. Газрын асуудал бүрэн шийдэгдчихвэл энэ жил олон түмэн сүсэгтэндээ зориулсан Майдар бурхан барьж байгуулах ажил маань дуусах байх гэж найдаж байна.
Я.Хулан




СЭТГЭГДЭЛ БИЧИХ