Москвад Борис Немцовтой салах ёс гүйцэтгэлээ

Москва хотын Сахаровын төвд өнөөдөр Борис Немцовтой салах ёс хийх оршуулгын ёслол 10:00 цагт эхэлсэн. Энд маш олон улстөрчид болон олны танил, гадаадын элчин сайдын яамд, сэтгүүлч, жирийн иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд энэхүү үйл ажиллагаа 14:00 цаг хүртэл үргэлжилжээ. Ингээд 15:30 цагт түүний шарилыг Троекуров оршуулгын газарт нутаглуулсан байна.

Түүнтэй салах ёс хийхээр ирсэн хүмүүсийн цуваа «Чкаловская» буудлаас эхлээд Сахаровын төв хүртэл үргэлжилжээ. Тус төвийн танхимын үүд хаалга онгорхой байсан ба түүний шарилын хайрцагны таг нь нээлттэй, хүмүүс түүнд цэцэг өргөж байлаа. Танхимын хананд Немцовын зурагнуудыг өлгөж, голд нь байрлуулсан том дэлгэцэн дээр түүний зургийг нь тавьжээ.

Ёслол эхэлсний дараахан улстөрчид, Оросын засгийн газрын тэргүүний нэгдүгээр орлогч Аркадий Дворковский, Хөдөө аж ахуйн яамны сайд Николай Федоров, Цөмийн эрчим хүчний агентлагийн тэргүүн Кириенко нар, Ярослав мужийн думын бүх жигүүрийн дарга нар спикер Михаил Боровицкий гашуудалд ирж ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлэв. Мөн ерөнхийлөгч асан Борис Ельциний бэлэвсэн эхнэр Наина охины хамт ирсэн байлаа. Олон улстөрчид, хамтран зүтгэгчид нь Борис Немцовыг Оросын түүхэнд хамгийн эрчимтэй, залуу шинэчлэгч байсан хэмээн хэлж байсан юм.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ