Манай улсын хүний нөөцийн гаж тогтолцоо

Манай улсад ихэнх байгууллага хүний нөөцөө зардалгүйгээр бүрдүүлдэг нэгэн шинэ /одоо ч бараг хуучирсан/ шилдэг арга дэлгэрээд буй. Шинээр ажилд орох гэж ирсэн хүнийг дагалдан, туршилт гэх нэрийдлээр 7-30 хоног, бүр цаашилбал 180 хоног хүртэл цалингүй ажиллуулна. Жинхлээд ирэхийн цагт “Та манай байгууллагад, энэ албанд тэнцсэнгүй” гээд цэвэрхэн жийж орхидог.
Цалингүй ажиллах хүчний аргыг хэрэгжүүлдэг байгууллагаас дурдвал хамгаалалтын албад, уул уурхайн компаниуд, сүлжээ дэлгүүрүүд гэх мэт олон салбарыг нэрлэж болно. Хамгаалалтын байгууллагын хувьд залуусыг ажилд авах туршилтын хугацаа 30 хоног. Ингээд энэ хугацаанд манай сайн эрс ямар нэгэн дутагдал гаргаж таарна. “Хатуухан ундаа” хүртэх тохиолдол, эсвэл хэдэн минутын хоцрогдол зэрэг асуудлаас болж жинхлэх нь бүү хэл жийгдэж удаах ажлын байрны эрэлдээ хатна. Ажил олгогч байгууллагуудад цаана нь ээлжээ хүлээж байгаа олон ажилгүйчүүд бий. Тэгэхээр халаа сэлгээнд огт санаа зоволтгүй. Энэ арга санхүүд ч хэмнэлттэй. Энэ мэт албан газруудын ажлын байрны зар жил бүр тогтмол явж байдаг байна.
Үүнд хэн ч асуудал үүсгэдэггүй. Ингээд л ажилгүйчүүдийн тоон үзүүлэлт буурч байснаа эргээд өсчихдөг байх нь. Ажиллах хүчний 2014 оны 2 дугаар улирлын судалгаанд улсын хэмжээгээр аймаг, нийслэлийн 3204 өрхийн 11006 хүн хамрагдсанаас эдийн засгийн идэвхтэй хүн амын 1102.8 мянга буюу 91.6 хувь нь ажиллагчид, 101.4 мянга буюу 8.4 хувь нь ажилгүй иргэд байна. Ажилгүйдлийн түвшин 9.1 хувьд хүрч өмнөх улирлын дүнгээс 1.2 пунктээр өссөн үзүүлэлттэй гарчээ. Харин 2014 оны 1 дүгээр улиралд ажилгүйдлийн түвшин өмнөхөөсөө буурсан үзүүлэлттэй байсан юм.
Бас нэгэн судалгаанаас харахад, 7 хоногт хөдөлмөр эрхлэх боломжтой, ажил хайсан ажилгүй иргэдийн тоо 101.4 мянга байгаагийн 58.0 мянга буюу 57.2 хувь нь эрэгтэйчүүд, 43.4 мянга буюу 42.8 хувь нь эмэгтэйчүүд байжээ. Ажилгүй таван хүний гурав нь хот, суурин газарт амьдарч байна. Энэ нь хотыг чиглэсэн урсгал тасралтгүй үргэлжилж байгаатай холбоотой бөгөөд ажил горилогчдоор дутагдахаас эмээх зүйлгүйгээр тухайн албан газрууд дээрх маягаар хэмнэлт хийж чадаж байгаа юм.
Нөгөө талаар чадваргүй боловсон хүчнээс болж өнөөдөр маш олон компани дампуурлаа зарлаж үүдээ хааж байгаа. Гэхдээ тэд дампуурлаа эдийн засгийн хямралтай холбон тайлбарладаг. Гэвч тухайн байгууллагыг хөдөлгөгч гол хүчин зүйл бол чадварлаг боловсон хүчин мөн. Үнэхээр чадварлаг багаас бүрдсэн газар тийм амар нурж унахгүй. Тэгэхээр энэ асуудалд хуумгай хандсанаас зарим байгууллага үүдээ хаах дээрээ тулдаг. Үүнийг хүний нөөцөөс тавьж буй шалгууруудаас харж болно. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүдийн ажлын байрны зараас тодорхой харагдана. Жишээ нь: царай зүс сайтай хүнийг оффис менежерээр ажилд авна. Мэргэжил харгалзахгүй гэх зарыг та цөөнгүй харсан биз. Эсвэл танилын замаар чадвар үл харгалзан ажилд авах тохиолдол ч манайд элбэг. Хэрэв ирээдүйгээ сайн сайхнаар харахыг хүсвэл ажил хүсэгчийн мэдлэг, чадвар, боломжийг нь сайтар үнэлж, дүгнэх цаг нь болсон.
Гадаад өнгө үзэмжийг мэдлэг боловсролоос тэргүүнд үнэлдэг байгууллага олон болж. Тухайн газрын нүүр царай гэдэг утгаар ийм шалгуур тавьж болох ч дотоод өнгө үзэмжийг ор тас орхигдуулах нь байж боломгүй билээ. Тухайлбал, төрийн байгууллагад царай зүс сайтай бүсгүйчүүд амар хялбар аргаар ордог болсон талаар эх сурвалжууд хэлжярьсаар байна. Тэдний тархины багтаамж хэр байх нь хэнд ч хамаагүй. Зөвхөн “өнөөх ажил”-даа боломжийн байхад асуудал үгүй аж. Ажилд орсныхоо дараа бусдынхаа дэмжлэгээр болоод л явна.
Ажилд орох бас нэг хялбар арга бол мөнгө буюу авлига. Тухайн "мест"-эн дээр очихын тулд хүн багагүй хэмжээний мөнгө хаяна. Харин дараа нь зарлагадсан мөнгөө тэр суудлаасаа хялбархан олж чадна. Бүр хэд дахин нугалж олно. Ийм л үзэл суртлаар ажил алба явж байгааг хүмүүс мэддэг ч мэдээгүй юм шиг дуугүй дагаад л явж байна. Энэ мэтийн гаднаа гяланцаг, дотроо паланцаг албан газрууд хэр олон байгааг хэлэх арга алга даа.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ