Ухаалаг бугуйвч хүний эрүүл мэндийг хянана, мэдээлнэ

Microsoft компанийн Microsoft Band хэмээх ухаалаг бугуйвчийг танилцууллаа. Ухаалаг бугуйвч нь дугуйтай бэлтгэл дасгалыг хянах, GPS-ийн тусламжтайгаар зам заах, зүрхний цохилт, зарцуулсан илчлэгийг заах чадвартай аж. Мөн Wordflow хэмээх шинэ технологийг суулгаж өгснөөр бугуйвчнаасаа шууд мессеж явуулах, Cortana технологийг ашиглаж дуут мессеж илгээх боломжтой. Ирсэн захиаг хуруугаа хүргэлгүй мэдээллийн самбар мэт гүйлгэж уншиж болдог байна. Түүнчлэн мэдээлэл цуглуулах хавтанг өргөтгөснөөр дасгал хөдөлгөөн болон сайн, муу хэрхэн нойрссон талаарх мэдээллийг гар утас уруу илгээж болно.

Энэ бугуйвч нь зүрхний өвчтэй, эмгэгтэй хүмүүст нэн тохиромжтой. Учир нь зүрхний хэмийг байнга хянаж ямар нэг асуудал гарвал тухайн хүнд болон ар гэрийнхэнд нь мэдэгдэж мэдээлэл өгдөг юм байна. Энэхүү эрүүл мэндэд өндөр ач холбогдол бүхий Microsoft Band ухаалаг бугуйвч одоогоор мэдээллээ Windows, Android утсанд илгээх боломжтой бөгөөд удахгүй iOS үйлдлийн систем рүү илгээх чадвартай болох гэнэ. Уг бүтээгдэхүүний захиалгын үнэ 199.99 ам.доллар ажээ.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ