Ховдод 1080 ширхэг алтадсан Цэнд-Аюуш бурхан бүтээнэ

Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан, Ганданпунцагчойлон хийдээс хамтран “Насан хутаг, буян заяаг дэлгэрүүлэх шүтээн 1080 Цэнд-Аюуш бурхан бүтээн залах төсөл”-ийг хэрэгжүүлэх гэж байна. Төслийн нээлтийг 2013 онд эхлүүлсэн байна. Энэ хугацаанд судалгаа, шинжилгээ хийсний эцэст гүйцэтгэгчээ сонгон хэрэгжүүлэх шатандаа орж байгаа ажээ.
Төслийн гол зорилго нь товчхондоо нүүдэлчин Монголын өв соёлыг хойч үедээ өвлүүлэх, түүнчлэн сүм хийд, аймаг орон нутгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж, дотоод, гадаад жуулчдын тоог нэмэх явдал юм. Баруун Монголын бурхан шашинтны соёл, уламжлалын төв Ганданпунцагчойлон хийдийг 2010 оны наймдугаар сард байгуулан буян номын үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Энэ жилийн наймдугаар сард тус хийдийн 5 жилийн ой тохиох бөгөөд энэ үеэр дээрх 1080 Цэнд-Аюуш бурхнаа залахаар төлөвлөсний дагуу гэрээ байгуулан ажиллаж байна.
Чухам яагаад Цэнд-Аюуш бурхныг сонгосон, 1080 ширхэг байхын учрыг тодруулахад:
“1080 гэсэн тооны тухайд 108 гэсэн шашны билэгдэл тоо байдаг. Тэгвэл 108-ыг 10 дахин үржүүлээд хийе гэж ярилцаад энэ тоог сонгосон учиртай. Харин бурхны хувьд Цэнд-Аюуш нь насны гурван бурхны нэг бөгөөд нас буяныг тэтгэн арвижуулагч юм” хэмээн МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн, гавж, хансүр Ё.Амгалан тайлбарлав.
Төслийн санхүүжилтийг сүсэгтэн олны хандиваар бүрдүүлж байгаа юм. Бурхдыг бүтээхдээ 50 см, 25 см-ийн өндөртэй гэсэн 2 янзаар хийх бөгөөд нийт 630 сая төгрөгийн төсөвтэй аж.
Гүйцэтгэгч байгууллагын талаар Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн Ерөнхийлөгч Ш.Адьшаа танилцууллаа.
Тэрээр “Төслийн хүрээнд бүтээх бурхдыг урлахаар “Монгол бахархал” уран бүтээлийн нэгдэл шалгарсан. Тэд бол Бурханч лам Пүрэвбатын анхны төгсөлтийн шавь нар юм. Эдгээр уран бүтээлчидтэй хамтарч ажиллах болсондоо таатай байна. Хэрэв санхүүжилт болон бусад асуудлаар бэрхшээл гарахгүй бол бид хугацаандаа буюу наймдугаар сард 1080 Цэнд-Аюуш бурхдаа залах зорилго тавин ажиллаж байна” гэлээ.
Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн Ерөнхийлөгч Ш.Адьшаа уг төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм.
Харин “Монгол бахархал” нэгдлийн Ерөнхий захирал Н.Дөлгөөн энэ гэгээн үйлд хамтран ажиллах болсонд таатай байгаагаа илэрхийлэхийн сацуу 1080 бурхныг урлаач багш нар Өндөр гэгээн Занабазарын загварчлалын дагуу, түүний урын хийцээр нь урлах болно гэдгийг онцолж байв.
Сонирхуулахад, цаглашгүй нас буянт Цэнд-Аюуш бурхан нь бадмаараг эрдэнэ мэт улаан дүртэй, амарлингуй намба төрхтэй, нэг нүүрт мутраа тэгш агуулан, Цэ Бумба буюу нас буяныг дэлгэрүүлэхийн мөн чанартай, үхэшгүй мөнхийн рашаанаар дүүрэн алтан бумба барьж, очир завилгаагаар бадамлянхуа цэцэг бүхий наран, саран дэвсгэр дээр залрах амирлангуй дүрт бурхан ажээ.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ