Аль Каидагийн томоохон лидерийг устгалаа

{!!!right!!!}Зургийн тайлбар: Сири дэх Аль Нусра фронтын дайчин
-Аль Каидагийн бүлэглэлийн олон нийтэд илээр оршиж цэргийн үйл ажиллагаа явуулдаг нэг томоохон жигүүр болох Аль Нусра фронтын 13 удирдагчийн нэг, цэргийн командлагч нь амь үрэгджээ-
Сирийн агаарын хүчний цохилтоор Абу Хаммам аль Шами гэгч тэрхүү этгээд амиа алдсан нь баттай болсон тухай тус улсын тагнуулын албадын эх сурвалжтай мэдээллийг САНА агентлаг уламжилжээ.
Аль Нусра фронт нь Сири улсад байрлаж цэрэг дайны идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Аль Каидагийн нэг жигүүр болохын хувьд террорист байгууллагад тооцогддог юм. Агаарын цохилт нь тагнуулын мэдээлэл дээр үндэслэгдэн Абу Хаммам аль Шамиг устгах урьдчилсан төлөвлөгөө бүхий тусгай ажиллагаа байсан тухай Сирийн Сана агентлаг мэдээлсэн байна.
Тусгай ажиллагаа Сирийн Идлиб мужийн Хобайт хэмээх газар явагдсан бөгөөд маш хүчтэй агаарын цохилтын дараа тусгай хүчний дайчдыг агаараас буулгаж улмаар бу Хаммам аль Шами алагдсан болохыг баталгаажуулжээ.
Хобайтын ойролцоо Аль Нусрагийн нууц цэргийн бааз байрладаг бөгөөд энд тэрээр өөр нэгэн толгойлогч болох Абу Мухамед аль Жоланитай уулзах ёстой байжээ. Үүнийг мэдсэн Сирийн цэргийнхэн уулзалт болох газар нь агаарын цохилт өгсөн бөгөөд аль Жолани шархдаж, аль Шами алагдсан байна. Энэ нь Аль Нусра фронт төдийгүй Аль Каидагийн хувьд томоохон цохилт болох бөгөөд цаашилбал түүний үхэлд "Исламын улс" бүлэглэлийн удирдагчид ч эмгэнэн гашуудах тухай шинжээчид бичсэн байна.
Аль Шамиг яагаад ийнхүү онцгойлон устгах болов, тэрээр ямархуу аюултай этгээд байсан бол? Аль Шами нь Ирак, Афганистанд лалын хэт даврагчдын эгнээнд явсан бөгөөд Сирийн иргэний дайны үеэр Дамаскт ирж засгийн газрын цэргийн өөдөөс тулалдаж зэвсэг нэгт нөхдийнхөө дотор эр зоригоороо ихээхэн алдаршиж Аль Нусрагийн цэргийн командлагч болтлоо дэвшсэн байна.
Энэ хугацаандаа тэрээр Сирийн засгийн газрын хэд хэдэн генералын аминд хүрсэн алан хядах ажиллагааг зохион байгуулсан төдийгүй Дамас, Сирт, Иракийн Мосул хотод гэмгүй номхон иргэдийг хөнөөсөн цуврал дэлбэрэлтийг хийсэн гэнэ.
Тиймээс түүнийг Сирийн засгийн газар, ерөнхийлөгч Башар Ассадын зүгээс устгах ёстой хамгийн эхний алан хядагчдын тоонд оруулсан аж.
Улмаар "Исламын улс" бүлэглэл өнгөрсөн онд Иракт Мосулыг эзэлж халифын улс болох тухайгаа зарласнаас хойш аль Шами ихэд дэмжиж Сирид тэднийг оруулах асуудалд ихээхэн дэмжлэг үзүүлж байсан аж.
Чухамдаа "Исламын улс" бүлэглэл Иракийн газар нутгаас хальж Сирийн тал нутгийг эзэлж хяналтдаа оруулсан нь аль Шамигийн дэмжлэгтэй холбоотой хэмээн ажиглагчид үздэг байна. Тэгвэл ийнхүү Ойрхи Дорнодын цуст мөргөлдөөний талбарт ихээхэн түлхүүр тоглогч болсон нэгнийг Сирийн цэргийнхэн хөнөөгөөд байна.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ