“Чонон сүлд”-ийн ЭМГЭНЭЛ

“Тэнгис” кино театр, өглөөний 9 цаг 30 минут. Хаалгач бага зэрэг гайхав бололтой:

-Хаашаа орох гэж байгаа билээ?

-Чонон сүлдийн ВИП үзлэгт уригдсан ...

-Аан за орно уу.

Номыг нь уншаагүйн дээр кино театрын VIP танхимд анх удаагаа кино үзэх гэж буй маань энэ. Угаас сэтгүүлчид бид олонтойгоо бужигнаж, гол нь массын хүлээж авч буй уур амьсгалыг мэдрэхийг хичээдэг тул тэгтлээ тусгай суудалд залрах тохиолдол гардаггүй билээ. “Оскар”-ын тайзнаа гарах нь нэгэнт тодорхой болсон Дэлхийн бүтээл “Чонон сүлд” албан ёсны нээлтийнхээ өмнө ийнхүү цөөн хэдэн хүмүүст хүндлэл үзүүллээ.Дэлхий даяар орчуулагдан манайд хүртэл шилдэг борлуулалттай номоор удаа дараа шалгарсан ч бичигч миний хувьд бол тэгтлээ хачирхаад байх зүйл биш санагдаад уншаагүйдээ бяцхан гэмшив. Алтай нутгийн охин би, аав ээжээсээ нүүдлийн ахуйн талаар хангалттай сонсож дуулсан, бас ч үгүй түүх сонирхдог тул гадны нэг бичигчийн нүдээр нүүдлийн ахуйг танихгүй байсан ч угаасаа мэддэг зүйл тул хойш тавьсан хэрэг л дээ. Одоо тэгээд яахав, яг юу бичигдсэн, яасан ийснийг киноноос нь л үзчихье. Танхимд оров уу үгүй юу гэрэл унтран кино эхэллээ.

Товч агуулга:

Яг л манай илгээлтийн эзэд шиг хэсэг залуус Бээжингээс тал нутгийг зорьж байна. Газар дэлхий нов ногоон, автобусны цонхоор давхилдаж буй морьтнууд хараа булаан хөгжмийн эгшиг сэтгэл хөвсөлзүүлэв. Тэдний моринд эрэмгий байдал хэдхэн хоромд сэтгэл догдлуулж орхив. “Би ч гэсэн хөдөө 4 нас хүртлээ байсан даа” гэж омгорхох бодол төрж байна. Хэдхэн минутанд сэтгэлийн утас хөндөгдөн яагаад ч юм их догдлох шинжтэй болж орхив.

Чэнь Жэнь хэмээх залуу нэг найзын хамт бригадад туслах ажилтнаар ирж буй аж. Ив ижилхэн эсгий навтас шидсэн гэрүүдийн гадаа “Чингис хаан”-ы дүрээр манайханд танил болсон Баасан зогсож, цаахна талд нь Р.Анхням /Галсмаа/ үнээ сааж байна. Тэдний байрлах гэр илүү гэр. Хог новш овоорон, бараг хүн багтах зай байна уу гэмээр. Залуу төвхнөсний дараа нүүдлийн соёл иргэншил, тэр дундаа чоныг ихэд сониучирхах аж. “Саваагүй нохой саранд хуцна” эсвэл “Үхэл нь ирсэн оготно, муурын сүүлээр оролдоно” гэдэг шиг ирэнгүүтээ л хэрэгт дурлах түүний байдалд өвгөн тийм ч таатай хандахгүй. Тэр шүү хэлээгүй юу, нөгөө саваагүй гайхал чинь хээр явж байгаад сүрэг чонотой таарчихлаа. Хойноос нь, урдаас нь, ардаас нь, хажуунаас нь, лав 10 гаруй чоно бүсэлжээ. Дан нас бие гүйцсэн чононуудын нүд дэлгэц дүүрээд ирэв.

Урд нь үхсэн чоно л харж байсан, бараг “явдаг аптек” гэмээр бүх эд эрхтэн нь хүний биед сайн гээд хаях юмгүй хэмээн олзуурхан байсан танил хүний төрх нүдэнд тодров. Манайхнаас чинь Асашёорюү аварга нэг удаа 9 чонотой халз таарсан юм гээ биз дээ. “Ижил тэнгэртэйдээ харагдаж, илүү тэнгэртэйдээ алагддаг” хийморьтой амьтныг ингээд ойроос харах бас тун сайхан санагдлаа. Нөгөө залуу доошоо тонгойж дөрөөгөө нүдэхэд чононууд зугтчихав. Чоно нээрээ л төмрийн дуунаас айдаг юм байх даа. Гэсэн ч ингээд үхчихвэл кино сонирхолгүй л дээ.

Чоно гайхалтай ухаалаг амьтан юм. Зээрийн сүргийг алан цастай хөндийд нөөцлөн хавар гаргаж идэх тэдний төлөвлөгөө ч супер байлаа. Гэтэл золигийн нэг залуу чонын нууцыг хүмүүст задалснаар сүрэг хоолгүй болчихов. Яг энэ мөчөөс тэмцэл эхэллээ. Идэх хоолгүй болсон тэд хот айл руу дайрахаас өөр арга үлдсэнгүй ээ. Гэхдээ чоно тэнгэрийн амьтан. Агшныг алдалгүй ашиглахаа тэд мэдэж байв. Тохиромжтой цаг ирэх хүртэл дээрээс орчныг ажин гэдсээ татан хүлээв. Нэг л түгших мэдрэмж. Хүн ч, чоно ч, аль аль нь ухаалаг авч зарим нэг араатнаас дор ухамсартай хүмүүсийн гайгаар хоорондоо дайсагнахаас аргагүйд хүрэв.

Чонын хүүр ба бидний төрх

Чэнь Жэнь нэгэн бэлтрэг арайхийн олж аван нууцаар тэжээх болов. Чонон сүрэг, малчдын хоорондох тэмцэл хурцдахын хэрээр түүний Сааралааг олон хүн зэвүүцнэ. Чоно хэдий ухаантай ч хүнийг яаж барах билээ. Үй олноороо нүдний өмнө хядуулж “Кинонд тоглоод л үхэж дээ” хэмээн сэтгэл эмзэглүүлэх аж. Тэртэй тэргүй устгаж бараг дуусах тул Сааралааг битгий алуулчихаасай хэмээн суудал дээрээ тогтож ядан байв, бид. Манай Р.Анхням /Галсмаа/-гийн хүүг Сааралаа хазсанаар байдал бүр хурцдав. Араатан бол араатан шүү дээ. Мэдээж хэрэг хүн хүнтэйгээ гар барин саймшрахад ч хэцүү болсон нийгэмд талын чоно юу гэж “нийгэмшин” хүний аясаар хөдлөх билээ. Тэдний тэмцэл хэрхэн төгссөнийг та бүхэн дэлгэцнээс үргэлжлүүлэн үзэх тул энэ хүрээд зогсъё.

Бид нүүдлийн ахуйгаа хадгалж үлдээд буй дэлхийд ховор тавилантай ард түмэн. Бүх хүнд л чонотой ойр дурсамж, мэдрэмж сэрэхүй байгаа боловч гэрлийн дор харанхуй гэгчээр ийм бүтээл хийх санаа хэнд ч төрж байсангүй. Магадгүй дунд нь байгаад байхаар бусад хүн ч адилхан мэддэг зүйл юм шиг санагдаад анзаардаггүй биз. Малчид энэ киног үзэх байх, хотын иргэд ч, ер нь монгол хүн бүр заавал нэг үзэх бүтээл болж.

Ингэхэд ер нь тал нутгийн чононы тоо толгой хэд хүрээ бол, одоо ч гэсэн төлөвлөгөөтэйгөөр бэлтрэгийг нь суйлж алсаар байгаа болов уу, чонынхоо хоолыг гадны хүмүүст булаалгаад хэдэн малчид маань зүдэрч байгаа болов уу гэхчлэн түмэн бодол толгойд эргэлдэв. Бөртэ чонын удамт ... гэж ирээд л Нууц товчоондоо хүртэл сүсэглэн дээдэлсэн чоно маань зөвхөн бандгар жийптэй дээдсүүд, гадныхны зугаа болон зүдэж байгаа юм биш байгаа? Байгалийн зохилдлогоороо чоно тал нутагт хэрэгтэй амьтан шүү дээ. Мэддэг юмаа мэдэхээ байж, чаддаг юмаа чадахаа байгаад нөгөө гайхуулдаг нүүдлийн ахуйгаа алдах ч бас цаг зуурын асуудал болох шинжтэй.

Хаана байна, хээнцэр монголчууд?

Жан Жанк Анно бол дэлхийн хэмжээний найруулагч. Энэ киноны хөгжмийг л гэхэд Оскарын шагналт, “Титаник”, “Аватар”-ын хөгжмийг бичсэн Жэймс Хорнер бичсэн. Эцэст нь монгол ахуйг тэд дэлхийн тавцанд гаргаж тавих байж. Харин зохиол нь цэвэр Хятад хүний ур ухаан байлаа. Үйл явдал нь Өвөрмонголд өрнөснөөс ч тэр үү, эсвэл Өвөрмонголчууд тийм ядуу ч юм уу, тэр барьсан, за барьсан гэхэд ч хэцүү овоохой маягийн гэр, хөдөөний иргэдийнх нь өмссөн хувцас яасан ч даржин юм. Тэгсэн мөртлөө кинонд “Монгол хүн, монголчууд ...” гэж байнга иш татагдах аж. Уучлаарай, монголчууд хэзээнээс нүүдэлчин ахуйтай ч гэсэн солонгын долоон өнгө шиг сайхан хувцасладаг байсан. Үүнийг би ч хэлээд байгаа юм биш эртний түүх, түүхчид, тэр бүү хэл гадны түүхчид ч тэмдэглэлдээ үлдээсэн байгаа. Адил загварын ноорхой дээл өмссөн байдалтай, тэр дундаа монгол эхнэр хүний гоёмсог, үзэсгэлэнтэй төрх энэ кинонд байсангүй.

Хот айлын ахлагч бусдаас дөнгүүр гэрт сууна, ирсэн зочиндоо заавал хонь төхөөрнө, аагтай шаргал цайгаа өргөн барина, таваг идээ нь ч цагаан идээ дүүрэн гэхчлэн хоолны соёлоороо бид бас гайхуулдаг ард түмэн. Кинонд 1960-аад оны байдлыг өгүүлсэн бололтой. Тэр үед монголчууд талын малчин айл нь аль хэдийнэ гадны бараа бүтээгдэхүүн хэрэглээд эхэлчихсэн хар ухаанаар бодоход тун амжиргаа сайтай амьдрах шүү дээ. Өвөл яагаад өвөлжөөнд гэрээ дулаалж барьдаг билээ, зун яагаад хаяаны манаасаа авдаг билээ? Өвөл хэзээ ч энэ кинон дээр гарсан шиг шүүрэн шанага шиг ноорхой гэрт Монгол малчин өвөлждөггүй ээ, найзууд аа!!!Тэгж ярих юм бол Чингисийн үед, тэрнээс ч балар үед манайхан ордноос дутахгүй тохилог гэрт амьдардаг байсан юм шүү.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ