Тамын гэрлэлт

{!!!right!!!}Өнөө цагт дэлхий дахинд дайн тулааны хөнөөлт гамшгийг нүүрлүүлж байгаа хоёр гол халуун цэг бол Африк, Ойрхи Дорнод.

Боко Харам болон Исламын улс бүлэглэлүүдийг хэлж байгаа хэрэг л дээ.

Энэ удаа Украины хямрал, иргэний дайны асуудлаас түр хөндийрч дээрх хоёр террорист шашны хэт даврагсдын тухай нэгэн мэдээлэл хүргэе.

Боко Харамын толгойлогч Абубакар Шекау өнгөрсөн бямба гаригт нэгэн видео мэдэгдэл хийж олон нийтийн сүлжээнд байрлуулсан нь олны анхаарлыг татаж байна.

Тэрээр мэдэгдэлдээ Исламын улс бүлэглэлд дагаар орж нэгдэх болсон тухайгаа зарласан бөгөөд "Шударга журамт Халиф Ибрахим ибн Авад ибн Ибрахим аль Хуссейни аль Кураши танаа" хэмээн ярьсан нь олон улсын анхааралд ороод байна.

Боко Харам бол Африкийн Нигери улсын нутаг дэвсгэрт гол суурь баазаа болгон үйл ажиллагаа явуулдаг, ихэвчлэн дээрэм, хүн барьцаалах, хориотой наймаа хил дамнуулан явуулж орлого олж санхүүждэг бүлэглэл юм.

Анх барууны боловсролыг нүгэл хэмээн үзэж өрнөдийн орнуудын Африк дахь нөлөөг багасгахаар үйл ажиллагаа явуулна хэмээн Боко Харам гэгдэж гарч ирсэн бүлэглэл бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд ихэд хүчирхэгжиж одоогийн байдлаар олон улсад хөнөөл занал учруулж буй тул Нигери, Камерун, Чад зэрэг таван улсын арми хамтарсан цэргийн ажиллагаа явуулж тэмцэж байгаа юм.

Харин "Исламын улс" бүлэглэлийн хувьд мөн л хүн барьцаалах, хориотой наймаа зэвсгийн наймаа хийх зэргээс санхүүждэг шашны хэт даврагсдын бүлэглэл байснаа өнгөрсөн жил Иракийн Мосулыг байлдан эзэлснээр ихэд өргөжиж хүчээ авсан.

Улмаар гадаадын орны иргэдийг барьцаалж мөнгө нэхэх, хүссэн мөнгийг нь заасан хугацаанд нь өгөхгүй бол цаазлах зэргээр хагис хэрцгий үйлдэл явуулж дэлхий дахиныг ихээхэн цочирдуулаад байгаа билээ.

Тэдний эсрэг Америк тэргүүтэй орнууд цэргийн эвсэл байгуулж агаарын цохилт өгч байгаа бол Ирак, Сири, автономит Курдын арми газраар тулалдаж байгаа юм.

Энэхүү террорист бүлэглэлүүдийн нэгдэл хэр зэрэг аюултай вэ?

Мэдээж хэрэг аюултай, урьд өмнөхөөсөө ч илүү аюул хөнөөл учруулах нь дамжиггүй. Гэхдээ шинжээчид, олон улсын ажиглагчдын энэ тухай бичсэнийг сийрүүлэн хүргэе.Энэ нэгдлийг олон улсад "Тамын гэрлэлт" хэмээж буй бөгөөд магадгүй энэ нэр томьёог тэд өөрсдөө ч тараасан байх магадлалтай. Ажиглагчдын үзэж буйгаар Боко Харам, Исламын улс бүлэглэлүүд газарзүйн байршлын хувьд хол. Нэг нь Ойрхи Дорнодод үйл ажиллагаа явуулж байхад түүнээс баруун урп зүгт асар хол зайд буюу баруун Африкт Боко Харам бий. Үүнээс үзвэл энэ нэгдэл нь газарзүйн хувьд боломжгүй бөгөөд зэвсгийн наймаа, санхүүгийн холбоон дээр л энэ нэгдэл түшиглэх боломжтой гэнэ.

Мөн үүнээс гадна тус тусдаа өөр бодлоготой, өөр ашиг сонирхлын төлөө үйлчилдэг тул яв цав нэгдэн нийлэх боломж хомс гэнэ. Учир нь Боко Харамын хувьд африк гаралтай лалын шашинтнуудаар гишүүдээ бүрдүүлдэг бол Исламын улсын гишүүдийн цөм нь Ирак, Сирийн уугуул исламууд. Хэл соёлын хувьд ч зөрүү их бий тул энэ нэгдэл оюун санааны хувьд л байж болох юм хэмээн CNN агентлаг уламжилжээ.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ