Олон мянган нүцгэн япон эрчүүд юу хийж байна вэ

Нүцгэн хүмүүс бөөнөөрөө цугларна гэхээр л заавал томчуудын харилцааны талаар бодох албагүй гэдгийг баталсан нэгэн баяр Японд байдаг.
Жил бүрийн хаврын эхэн сард Японд ер бусын нэгэн наадам болж өнгөрдөг. Үүнийг Хадака Мацури буюу нүцгэн эрчүүдийн баяр гэж нэрлэх баяр японы уламжлалуудын дотроос хамгийн хачирхалтай нь ч байж магад. Энэ жилийн Хадака Мацурид л гэхэд 10 мянга гаруй хүмүүс оролцсон гэнэ. Зөвхөн энэ баярыг үзэж сонирхохоор олон мянган жуулчид газар газраас цугладаг.
Зөвхөн бүсэлхийгээрээ ”фундоси” /сумо бөхчүүдийн өмсгөлтэй төстэй/ ороосон мянга мянган япон эрчүүд угаалгын зан үйлийн ёслолд оролцохоор хөлдөө “таби” углан гудамжинд гардаг байна. Тэрхүү фундоси дотроо баярт оролцож байгаа хүн өөрийнхөө овог нэр, цусны бүлэг, яаралтай холбоо барих ойр дотны хүнийхээ утас, хаягийг бичсэн цаасыг хийдэг байна. Учир нь аюулгүй байдлын үүднээс тэр юм. Олон мянган эрчүүд шахцалдсанаас болоод эмнэлгийн тусламж хэрэгтэй болох тэр ч бүү хэл амиа алдах аюул ч нүүрлэж болзошгүй юм.
VIII зуунаас тэмдэглэж ирсэн Хадака Мацури хэмээх эртний энэ баярын гол зорилго нь өөртөө аз жаргал дуудах явдал бөгөөд нүцгэн хүн хамаг муу муухай зүйлээ хувцастайгаа хамт хаядаг гэж Японд үздэг байна.
Японд хоёрдугаар сар хамгийн хүйтэнд тооцогддог бөгөөд ойролцоогоор тэг хэмтэй байдаг тул нүцгэн явахад тийм ч амаргүйгэдгийг санагтүн! Ийм болохоор биеэ бүлээцүүлэх, бас цэвэрлэхийн тулд нутгийн эрчүүд сакэ архиа ихээр уухад арга буюу хүргэдэг байна.
Ууж дуусахаар уг баярын ажиллагаа хамгийн дээд цэгтээ хүрч олон нүцгэн эрчүүд Сайдайжийн сүм рүү хөдөлцгөөдөг байна. Тэд зам зуураа орилж хашгиран өөрсдийгөө зоригжуулж мөстсөн усанд орцгооно.
Яг шөнө дунд болоход сүмийн тайлгач нар бөөгнөрсөн хүмүүс рүү ариутгасан зангиа, сахиусууд шидэж барьж авч чадсан нь тэр жилдээ аз жаргал дүүрэн байна гэж үздэг заншилтай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ