Их тэнгэрийн амны сүг зураг

1294 онд гаргасан Монгол Их Юань улсын хууль цаазын 398 дугаар бүлэгт “Богд хан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн нүсэр даваа” зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг дархан цаазтай болгож байжээ. XII-XIII зууны үед Ван хан Тоорил дархалан тахиж Хан уул хэмээн нэрлэсэн домог байдаг. 1778 онд Монголын сэхээтнүүдийн нэг сайд Юндэндоржийн санаачилгаар Богд хан уулыг дархан цаазтай болгож 1957, 1974 онуудад дахин бататган дархалж, 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор дахин баталгаажуулсан байна. 1809 оноос Богдхан уулын 28 амыг цагдаатай болгож, нутаг дэвсгэрт нь орох зөвшөөрлийг Богд хаан гардан олгодог журамтай байжээ. Богд хан уул нь зүүнээс баруун тийг чиглэсэн гол нуруу, түүний салбар уулсаас тогтоно. Хамгийн өндөр оргил нь далайн төвшнөөс дээш 2268 метр өндөр Цэцээ гүн бөгөөд удаах нь 2256 метр Түшээ гүн оргил юм.
Богдхан уулын ам хөндий хажуу хормойгоор бичигт, зурагт хад цохионууд, хиргисүүр, хөшөө булш зэрэг түүхийн дурсгалт зүйл олонтой. Цэцээ гүний орой дээр сайд Юндэндоржид зориулсан сүмийн туурь байдаг. Их, Бага тэнгэрийн амны хооронд орших хадан цохион дээр согоо, гуа марал, бортого малгай, ээтэн гутал, нөмгөн дээлтэй бүсгүй хүний дүрс, бугын сүг зураг зэргийнхамт уйгаржин бичигээр “Мөнх тэнгэрийн хүчин суу залийн ивээлд” гэсэн бичгийн дурсгал байдаг. Их тэнгэрийн амны зүүн үзүүрийн хойшоо харсан хадан хясаанд улаан зос болон хар бэхээр зурсан Монгол, хятад, түвд бичээс бүхий сүг зураг байдаг. Эдгээрийг Зөвлөлтийн эрдэмтэн А.П.Окладников 1960 онд анх илрүүлэн судалжээ.
Улаан зосон зураг 7 хэсэг газар зурагдсан байдаг бөгөөд дотроо олон толботой дөрвөлжин хашлага бүхий зураг 7, ганцаараа ба 2, 3, 5-уулаа хөтлөлцөн зогссон хүний тойм зураг 29, халин нисч буй бүргэдийн зураг 3, замаар явж буй адууны зураг 2 байгаагийн зэрэгцээ хоёр зураас, толбо, дөрвөлжин хашлаганы өнцөг зэрэг баларч арилсан дүрслэлийн хэсгүүд үлджээ. Эдгээр нь хүрэл зэвсгийн үед хамаарах бөгөөд судлаачдын үзэж байгаагаар эртний малчин аймгуудын заншлыг харуулсан ажээ. Харин хар бэхэн зураг нь улаан зосон зурагны хажууд байх бөгөөд “Мөнх хөх тэнгэр” гэсэн үг бүхий монгол бичээс, монгол дээлтэй хүн, эргэж хараад зогсож буй цоохор толботой согоо, бөө удганы зургаас бүрдэнэ. Монгол дээлтэй хүүхнийг эгц урдаас нь харж дүрсэлсэн бөгөөд түүний дугираг царай, монгол хүний онигордуу нүд зэргийг тодорхой зураглажээ. Урт хормойтой, өргөн ханцуйтай дээл, бүдүүн түрийтэй ээтэн хоншоортой монгол гутал өмсчээ. Дээлийн энгэрт давхарлаж хадсан гоёл чимэглэл зэргийг эгнүүлэн дүрсэлсэн байна. Хамгийн сонирхолтой нь түүний өмссөн өндөр малганы орой дээр өд мэт зүйл хадсан явдал юм. Судлаачид энэ малгайн зургийг XIII зууны үеийн Монгол язгууртан эмэгтэйчүүдийн өмсдөг богтаг малгай мөн хэмээн үздэг. Монголын Юань гүрний их хатадын хөргийг иймэрхүү малгайтай зурсан байдаг бөгөөд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт малтсан Монгол эмэгтэйн булшнаас ийм малгай хэд хэд гарч иржээ. Их тэнгэрийн амны энэхүү зураг нь Монгол эмэгтэйг зурсан анхны зураасан зураг юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ