Сенсацийн эзэн В.Путины тухай олон улсын хэвлэлээр

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гуравдугаар сарын 5-нд Италийн Ерөнхий сайд Маттео Ренцитэй уулзсанаас хойш олон нийтийн өмнө болон хэвлэлд ил гаралгүй 11 хоног болсон нь олон улсын анхаарлыг татаж байна. Тэрээр энэ хугацаанд төлөвлөсөн хэд хэдэн томоохон уулзалт, айлчлалаа цуцалсан нь бүр ч их шуугиан тарьж, олныг гайхашруулаад байгаа юм.
Үүнтэй холбоотой олон улсын хэвлэлээр тарсан мэдээллүүдээс дурдвал:
- “Дождь” сонин: Путиныг ханиад хүрээд Новогород муж дахь Валдай руу ниссэн
- Австрийн “Kurier” сонин: нуруу нь өвдсөн учраас манай улсаас эмч дуудсан
- “Русский монитор” сайт: Ерөнхийлөгчийн удирдах газрын төв эмнэлгийн ажилтны захидлыг эх сурвалж болгон Путиныг зүрхний шигдээс болсон
- Швейцарийн “Blick” сайт: Швейцарийн Тичина мужийн Соренго хотын Гэгээнтэн Аннагийн эмнэлэгт В.Путинтэй дотно холбоотой гэгддэг Олимпийн уран сайхны гимнастикийн аварга Алина Кабаева хүүхдээ төрүүлсэн хэмээн тус тус бичжээ.
Энэ бүгдэд В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков няцаалт өгчээ. Тэрээр “Өдөр уртассан хаврын өдрүүдэд хүмүүсийн синдром хөдөлдөг шүү дээ. Хүмүүст Путин телевизээр гараагүй удсан юм шиг санагдаж байгаа бололтой. Хаврын синдром гэдэг нь л энэ байх. Ерөнхийлөгч В.Путин гуравдугаар сарын 16-нд Киргизийн төрийн тэргүүнийг Петербург хотноо хүлээн авч уулзана. Ерөнхийлөгч тасралтгүй уулзалттай байгаа. Өнөөдөр ч, маргааш ч уулзалт товлосон.” гэжээ. Түүнчлэн “Итар-Тасс” агентлагт өгсөн мэдээлэлдээ Кабаева амаржиж, В.Путин эцэг болсон гэх мэдээллийг мөн л үгүйсгэжээ. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч хаана, юу хийж байна вэ гэдэг нь тодорхой болохын цагт дээрх мэдээллүүдээс аль нь үнэн байсныг харах үлдлээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ