Голоо тасартал харамсахгүйн тулд

Манай орны байгалийн унаган төрх үгүйрч, уул, ус сүйтэж, экологийн тэнцвэр алдагдаж байгаа нь уул уурхайтай салшгүй холбоотой. Ганц уул уурхай гэлтгүй жижиг сажиг карьерүүд ч үүнд багагүй хувь нэмрээ оруулж байгаа. Хэзээ нэгэн цагт үүнийхээ хариуг байгалиас бидэнд хүртээх болно.
Тэгэхээр бидний өмнөөс хэн хөдлөнө гэж хүлээж суух вэ. Одоо л дуугарахгүй бол хэзээ дуугарах билээ. Гол нь бид байгаль эхийнхээ төлөө тууштай сэтгэл зүрхтэй байх нь хамгаас чухал болоод байна.
Яг л Ноён уулынхаа төлөө хөдөлж байгаа шигээ. Бид аливаа зүйлийг хөндөж гаргаж ирчихээд аажимдаа дасан, ард нь халаглаж суух нь олон.
Уурхай, карьер зэрэг экологийн эсрэг үйл ажиллагааны улмаас олон гол горхи, нуур цөөрөм хатаж, үгүйрч байгааг бид тоолоод л сууж байна.
Хэзээ Туул голын маань ээлж болж, нийслэлчүүд харангасах цаг ирэхийг чимээгүйхэн хүлээх мэт. Жилээс жилд Туул гол тасарлаа, загаснууд нь үхжээ гэх мэдээллүүд гардаг. Олон жил ч ярьж байна. Гэвч өнөөдрийг хүртэл ямар арга хэмжээ авч, хэн хариуцлага хүлээсэн нь тодорхойгүй.
Голын чулууг хөдөлгөж болдоггүй гэж өвөг дээдэс сургадаг байлаа. Учир нь байрнаас нь хөдөлгөсөн чулуу эргэж байрлалаа олох гэж их олон жил зовдог гэлцдэг. Ер иймэрхүү сургаалиар бага балчир үрсээ сургаж асан эцэг өвгөдийн сургаалийн цаад учиг, санаа үнэхээр агуу ажээ. Гэтэл нийслэл хотын маань цор ганц умдаа болсон Туул голын хайрга чулууг өнөөдөр мөнгөнд улайрагсад юу ч үгүй ухсанаас амь нь ийнхүү тасалдах дээрээ тулаад байна.
Сүүлийн үед цэвэрлэх байгууламж, арьс шир, өлөн, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд Туул голд маань хортой хаягдлаа нийлүүлж, компаниуд, иргэд хогоор овоо босгож, ай савынх нь элс, хайргыг машин машинаар нь ачиж, хөвөөнд нь өндөр барилгууд босч, сүүлдээ бүр урсгалыг нь тасалж эхэлсэн. Саяхныг хүртэл бид гадаадынхан шиг ус худалдаж авдаг болох вий дээ гэж ярилцаж байсан бол өнөөдөр яг тэдэн шиг болсон.
Алт, мөнгө гэдэг дусал уснаас ч үнэгүй зүйл болохыг заавал нүдээр үзэж байж ойлгох ёстой гэж үү. Газар дэлхийн гагнаас болсон алтыг хүмүүс хайр найргүй ухаж тасчинавснаар дэлхий дахинаа нүүрлээд байгаа энэ их гамшиг үргэлжлэх болсон гэдгийг та мэдэх үү. Хүн төрөлхтний шуналт сэтгэлийг соронзон мэт татах тэрхүү алт гээч металл нь бидэнд бус байгаль дэлхийдээ оршин байх нь хамгаас чухал. Тэр утгаараа үнэ цэнэ нь оршин байдаг. Тиймээс алт газартаа, ус амьд биед үнэтэй.
Өөрөөр хэлбэл, алт бол усыг татагч хүч бөгөөд газрын гүн дэх усыг татаж, амьтан, ургамал алив бүгдийг усаар тэтгэгч гол хүчин зүйл юм. Гэтэл хүн гэгч амьтан эргээд өөрсдийгөө устгах үйл хийж буйгаа огт ухамсарлалгүй, шунаг сэтгэлдээ хөтлөгдсөөр. Өнгөрсөн борооны хойноос бүү цув нөмрөг гэж бидэнд 2070 оноос ирсэн захидлыг уншигч та болгоосон буй за. Түүнд дурдсанчлан бид усны тухай үлгэр яриад сууж таарахгүй.
Туул гол биднээс аврал эрж буй энэ цаг мөчид “Туул голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө”–г хэрэгжүүлэх ажлыг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна. Энэхүү төлөвлөгөөнд хүн амын ус, хөдөө аж ахуйн ус, үйлдвэр, эрчим хүчний ус, хүрээлэн буй орчны ус, эрх зүйн орчин гэсэн 5 багц асуудлын хүрээнд 2015, 2021 оны түвшинд шийдвэрлэх арга хэмжээнүүдийг багтаасан гэж байгаа.
Туул голын бохирдлыг бууруулах, хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчлийг арилгах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа боловч үр дүн нь хэр удаан хугацааны дараа харагдах нь сонин. Уг асуудлын талаар санал солилцох уулзалтыг 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулсан гэх авч чухам ямар шийдвэр гаргасан нь бас л бүрхэг. Тиймээс аливаа шийдвэр, хэрэгжилтийнхээ талаар олон нийтэд нээлттэй мэдээлэх эрх мэдэлтнүүд даан ч цөөхөн юм. Тэдний мэдээлэл зөвхөн оролцогч талуудын бүрэлдэхүүний танилцуулга төдийхөн байдаг. Эсвэл өнөөх "Ухаангүй ноёнд урагшгүй албат" гэдэг шиг хэлж, ярихаас цаашгүй хэдэн хүмүүс цугладаг бололтой. Тийм болохоор усны хулгайч нар өдийг хүртэл "даам" гарчихаад байгаа юм болов уу.
Тэр олон арьс ширний үйлдвэрийн бохир, доголдолтой цэвэрлэх байгууламжууд болон бусад төрлийн үйл ажиллагаагаар хотын ганц ундны эх үүсвэрийг бохирдуулж байгаа этгээдүүдэд төр төмөр нүүрээ харуулах цаг нь болсон. Голоо тасартал харамсахгүйн тулд энэ цаг мөчөөс эхлэн хэлэлцээд өнгөрөх бус хэрэгжүүлж, тодорхой үр дүн үзүүлж эхэлмээр байна. Эс бөгөөс байгалийн догшин араншинг хүртэх цаг удахгүй ирнэ. Тэд биднээс аврал эрж байгаа ч эргээд бидэнд хатуухан шанг өгч чадна гэдгийг бусад улс орны жишгээс харж болно.
Урин цагтай уралдан урсаж эхэлдэг олон гол, горхи булгуудаас ганцаараа сондгойрч, Улаанбаатар хотын суурьшлын бүс орчим байнга тасарч, урсгалгүй болдог Туул гол, уртынх нь хэмжээ жилээс жилд улам нэмэгдсээр байгаа хуурай сайрыг жил бүрийн хавар бид нүдээрээ үзэж, халагласаар удлаа.
Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ