Эрчүүдээ өмөөрнө би

Аливаа улс орны тогтвортой хөгжлийг тодорхойлох гол хүчин зүйл бол хүйсийн асуудал. Манай оронд хүйсийн тэнцвэрт байдал нэлээд алдагдаж байгааг олон зүйлээс харж болно. Наад захын жишээг дурдахад, их, дээд сургууль төгсөгчдийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Үүний шалтгаан нь эдийн засагтай холбоотой. Эрэгтэйчүүд нь чадлаараа хоолоо олоод идчихнэ, харин эмэгтэйчүүд нь толгойгоороо хоолоо олж идэхгүй бол өөр боломжгүй гэсэн ойлголт манай нийгмийн дунд бий.
Ингээд бодох нь ээ, манай улсад эмэгтэйчүүдэд чиглэсэн үйл ажиллагаа цөөнгүй байдаг. Харин эрчүүдээ гэх зүйл хэр олон билээ. Жишээ нь, бүх шатлалын эмнэлэгт эрэгтэйчүүдийн тасаг гэсэн хаяг бүхий хаалга бий билүү. Саяхнаас л Очирвааньтэргүүтэй ганц хоёр эмнэлэг байгуулагдсан байдаг. Гэвч түүнийг бас сайн мэдэх хүн ховор. Энэ нь эрэгтэй хүн өвдөх эрхгүй гэсэн үг биш байлтай. Эрх гэснээс Эрэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төв гэж та дуулсан уу? Байдаггүй болохоор сонсоогүй нь мэдээж. Харин “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг төв” гэж бий. Гэвч энд насанд хүрээгүй эрэгтэй хүүхэд л ирж байсан болов уу. Энэ нь тэд ямар ч эрхгүй гэсэн үг бас биш. Ингээд цааш дурдвал их олон юм бий. Наад зах нь үйлчилгээний төвүүдэд эрчүүдэд зориулсан лангуу тун ховор. Цаашлаад эр хүнд зориулсан, тэднийг магтсан дуу хэр олон билээ. Гэтэл тэд л бүхний бамбай болдог. Эх орноо хамгаалж, эцэг эхээ тэтгэж, эхнэр үрсээ халамжилж, энхрий дүүгээ өмгөөлөх гээд тэдний үүрэг бүхнээс илүү.
Зэвсэгт хүчний ойн баяр боллоо гэхэд ихэнх эмэгтэйчүүд маань эрчүүдээсээ “чи цэрэгт явсан юм уу” гэж асуудаг. "Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний ойн баяр гэх энэ л өдөр монгол эрчүүд маань баярлахгүй бол өөр хэзээ баярлах билээ. Улс даяараа тэмдэглэдэг энэ олон баяруудад эрэгтэйчүүдийн гэх тодотголтой өдөр бараг байхгүй. Гадны соёлоос саяхнаас орж ирсэн “Аавуудын өдөр”-өөс өөр тэмдэглэлт өдөр үгүй.
Хүн бүр адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэгчилэн амьдралын замаа ололгүй, алдаж, бүдчин яваа цөөн хэдэн хүнээр монголынхоо эрчүүдийг бүү төлөөлүүлж бодоорой бүсгүйчүүд минь. Тэд үргэлжбидэнтэй хамт амьдралын их давалгаанд өгсөж, уруудаж яваа.
Эр хүн уйлдаггүй юм гэж эцэг хүн үрдээ сургадаг нь тэдний нулимсгүйдээ бус нулимсаа дотогш залгиж чаддаг тэр их хатуужлынх юм. Хатуужил гэдгээр хатуу зүрх сэтгэлийг хэлсэнгүй ээ. Харин ч хүүхэд шиг дэврүүн, уян зөөлөн сэтгэлийн үзүүрт нь орших тэр хатан зоригийг хэллээ. Энэ тухай Л.Дагвадоржийн “Эр хүн” гэдэг шүлэгт уран яруу өгүүлдэг билээ. СГЗ Р.Энхбазар ая хийж, МУАЖ А.Долгор дуулж амилуулсан энэхүү дуунд өгүүлснээр эр хүн гэдэг чухам чулуу шиг хатуу ч уяхан сэтгэлтэй, энэрэл хайр судсанд нь лугшдаг, эргэх дэлхий ухаанд нь багтдаг, ийм л монгол эрсээ бүсгүйчүүд бид хүндлэн хайрлаж, хайрыг нь даах учиртай.
Эр хүн та ч бүсгүйн заяаг түшиж, хамгаалж амьдрах нь энэ улсын оршихуйн суурийг тогтоон барьж буй хэрэг ажээ. Эс бөгөөс сүүлийн үед эрхэт ёсын талаар дуугарах хүн цөөнгүй болж. Хэн хүчтэй нь дарангуйлалаа тогтоодог Анархизмыг эхийн эрхт ёс гэж нэрлэжээ. Харин эцгийн эрхт ёс бол, эцэг хяналтын ноён оргил буюу их ухаарал хэмээн Монгол гүн ухааны сургаалд дурдсан нь бий. Хэр үнэний ортой үг болохыг эрхэм та тунгаагтун.
Бид хэдийгээр уулга алдахдаа “ээж ээ” гэж дуу алддаг ч эцэг хүн эхээс дутахгүй үрээ хайрлаж хамгаалдаг. Хэн нэгэн аавын хүүгээс өмөөрөх эцэгтэй байх сайхан. Уруудаж, ташаарахын цагт эцгийнхээ чанга хатуу ч гэлээ ухаант мэргэн үгийг нь сонсох сайхан. Дан ганц эцэг гэлтгүй гэрийн тань өндийлгөх тулгуур багана бол эр хүн. Зүдэрсэн ч тулах түшиг тань эр хүн. Дээш дүүлэн нислээ ч өрөөсөн даль жигүүр тань эр хүн. Ер энэ биеийн нэгэн талд эр хүн байж гэмээнэ бүтэн амьдрал буй болох учиртай.
Иймд монголын сайхан эрчүүддээ хандсан тэмдэглэлт ойн өдөртэй болоход буруудах зүйл үгүй билээ. Монгол эрсийн бахархалын өдөр гэсэн нэрэн дор эрчүүддээ зориулан олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж болох юм. Энэ бол миний л санаа. Эрхэм түмэн олны минь тунгалаг оюунд эрчүүдийнхээ сэтгэлийг мялаах шинэлэг гэгээн үйл багтаж байгаа гэдэгт итгэнэм. Энэ л өдрийг сонгон эрчүүдээ өмөөрч хэлэх цөөн хэдэн хэлэх үг минь энэ байлаа.
Яруу найрагч Мөнхөөгийн Билэгсайханы “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”-ийг уншигч танаа хүргэмой.
Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрла
Эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвүүд нь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эрчүүдээ та нар хааяа ч гэсэн хайрлаач
Эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Хэл нь тагнайгаан олохгүй тультчиж
Хөл нь дэлхийгээн онохгүй тэмтчиж
Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын үг урсгаж
Халаасыг нь битгий хоосло оо.
Янагийн захиа л лав гарахгүй шүү дээ наадахаас чинь
Яах вэ хөөрхий шараа тайлах юмыг нь үлдээ
Дээл бүсэн гоёлтой
Дээрээ малгай хийморьтой
Андынхаа дэргэд цовоожижи
Аавынхаа харцанд томоождог
Янагийн сэтгэлд нялхарсан эрчүүдийг
Янжинлхамууд минь өршөө...
Уул шиг юм гэж дандаа битгий давар
Үүл шиг нүүгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаа битгий самар
Уур болоод дэгдчихдэг юм
Төгөлдөр их урмыг нь бүр хугалчихвал
Төрсөн шигээ уруугаа хараад уначихдаг юмаа.
Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлон дээр
Хэзээ, хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах юм бэ?
Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж түшиг болдог юм
Халтирсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр нөмөр болдог юм
Өөрийг чинь ээж болгосон хүний дээд юм шүү дээ
Үрийн чинь эцэг болсон эрийн тэнгэр юм шүү дээ
Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрла
Эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Олон олон авааль гэргий та нараасаа
Олон олон аавын хөвгүүдийг
Өмөөрч бичсэн шүлгийг минь болгоо
Өөрийн минь биеийг битгий болгоо
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвүүд нь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эрчүүдээ та на хааяа ч гэсэн хайрлаарай
Эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал эдлүүл
Янжинлхамууд минь ээ...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ