Нус, нулимстайгаа холилдохын зовлон

Хавар болонгуут “энэ зуныг яаж барна” гэж халшрах хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Энэ бол ургамалын тоосонцорын харшилтай хүмүүсийн ээлжит “шаналгаа”.

Ялангуяа нийслэлд амьдарч буй иргэдийн хувьд ургамал ногооноос нуугдаж, битүү байшинд бүгээд суух нь тийм ч амар зүйл биш. Хэн, хэзээ, яагаад ч эм улиасыг хотуудад эмх замбараагүй тарьж ургуулсан юм бол. Хаврын сүүлчээр битүү унгарил хийсч, хамар ам загатнуулан, нус нулимстай холилдуулж, хотын үзэмжийг навсайлгаж орхидог. Хогийн ургамал ч хотыг боомилсон байсан. Харин энэ талаар хоёр жилийн өмнөөс тодорхой арга хэмжээ авч эхэлснээр харшил төрүүлэгчид бага ч атугай устаж байгаа гэж найдаж байна. Эс бөгөөс хотынхноос харшилгүй үлдэх хүн үгүй болох дээрээ тулаад байлаа.

Хамгийн харамсалтай нь харшил гэгчийг 100 хувь эмчилдэг арга одоо болтол гараагүй л байна. Статистик мэдээнээс үзвэл дэлхийн хүн амын 30 орчим хувь нь харшилтай байдаг аж. Иймд энэ өвчин нь дэлхий дахины томоохон асуудлын нэг болсон. Тиймээс ч харшлын явцад үүссэн өвчлөлтийг буй болгогч зүйлсийг саармагжуулах чиглэлээр олон янзын эмчилгээ хийсээр байна. Гол нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадвал харшлын илэрлийг хамгийн бага хэмжээнд нь хүргэх боломжтой аж.

Харшил гэдэг нь тодорхой хvчин зүйл нэвтрэхэд бие махбодь байвал зохихоос хэт эмзэг, хүчтэйхариу үзүүлж, өөрөөр үйлчилж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл, хүний бие харшил төрүүлэгчийг эсэргүүцэх чадваргүй болсноос үүдэн бий болдог өвчин. Маш олон төрлийн харшил бий. Гагцхүү тухайн хүний бие юуг хэт их мэдрэг хүлээн авч байгаагаас шалтгаалан эмчийн зааврын дагуу эмчилгээ хийх шаардлагатай. Найтаах, хамраас ус гоожих, хамар битүүрэх, хоолой тагнай, чихэн дотор загатнах, нүд улайх, нулимс гоожих, нүд загатнах, хорсох, нуухтах зэрэг нь харшлын шинж тэмдэг. Нүд хамрын зовиур ихэвчлэн хамт явагддаг юм.

Жил бүрийн дөрөвдүгээр сарын тавны өдрөөс ургамалын гаралтай амьсгалын замын харшлаас урьдчилан сэргийлэх эмчилгээг эхлүүлдэг. Энэ нь хэдэн долоо хоногийн туршид тухай бүрт өндөр агуулгатай харшил үүсгэгчийг тарьдаг арга. Гэвч энэ эмчилгээ нь хэдэн жилээр үргэлжилдэг сул талтай. Энэхүү угтуулах эмчилгээг хийлгэснээр та тухайн жилдээ харшлаас шалтгаалсан зовиургүй болох өндөр ач холбогдолтой юм. Харин хүнд хэлбэрийн харшлын үед иммуноглобулины цэвэрлэгээ, цус шүүх аргуудыг ашигладаг.

Дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс модлог ургамал тоосоо гөвдөг тул ийнхүү урьдчилсан байдлаар арга хэмжээ авдаг ажээ.

Ямар ч төрлийн харшил удамших магадлалтай. Тиймээс эцэг эхийн аль нэг нь харшилтай бол хүүхдэд нь өвчлөх магадлал 25 хувь, хоёулаа харшилтай бол харшил авах магадлал 75-80 хувиар өсдөг гэсэн судалгаа бий.

Сүүлийн жилүүдэд ургамалын тоосонцорын болон бусад төрлийн харшилтай хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байгаа нь бидний хэрэглэж байгаа хоол хүнс, эд хэрэглэлтэй салшгүй холбоотой. Ялангуяа хавар болоход хүмүүс гэнэт нимгэн хувцаслаж, дээр нь сул чанарын хоол хүнс хэрэглэдгээс/витамин дутагдсанаас/ болж хүний биеийн дархлаа суларч аливаа гадны биетийг эсэргүүцэх чадвар доройтдог байна. Иймд элдэв төрлийн харшлаар өвчлөх магадлал эрс нэмэгддэг ажээ.

Мөн энэ үед нарны харшил маш их идэвхиждэг гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Энэ ньхаврын наранд хэт ягаан туяа илүү их байдагтай холбоотой. Ялангуяа цасанд ойсон нарны туяанаас харшил нь сэдрэх тохиолдол их гардаг байна. Гэхдээ илрэх байдал нь хамар битүүрэхгүй ч нүд улайна.

Бид ямар нэг ургамалаас харшиж байгаагаа мэдсэн ч эмчлүүлэхгүй явах нь элбэг. Тэгвэл энэ нь цаашлаад өөр олон төрлийн ургамалын харшилтай болох эрсдлийг бий болгодог юм байна.

Унгарил унах цагаар буюу дөрөв, тавдугаар сард, шарилж тоосоо гөвөх үеэр буюу 7, 8, 9 дүгээр саруудад харшилтай хүмүүсийн хамгийн хүнд үе тохиодог. Цагийн юм цагтаа гэгчээр урьдчилан сэргийлэх үед нь хамгаалж сурах хэрэгтэй.

Эцэст нь дурдахад, хэрэв харшилж буй зүйлээ мэдээд авбал өөрөө тухайн зүйлээсээ зайлсхийж, түүнийгээ хэрэглэхгүй байвал өвчин нь сэдрэхгүй байх бүрэн боломжтой. Гэвч ургамалын тоосонцорт хэт мэдрэг хүмүүс амьсгалахгүй байлтай биш. Эмчилгээ сайн хийлгэх л хэрэгтэй болж байгаа юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ