Тэрбумтан ял сонсчээ

Румыны ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн үйл ажиллагааг хууль бусаар санхүүжүүлсэн хэрэгт тус орны тэрбумтан Иоан Никулаег буруутгажээ. Тэрээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэл болон санхүүгийн “InterAgro” группийн эзэмшигч бөгөөд түүний хөрөнгө 1,25 тэрбум доллараар үнэлэгддэг байна. Мөрдөн шалгалтын явцад тогтоосноор, Социал-демократ намын тэргүүн Мирчи Жоанын сонгуулийн өмнөх кампанит ажилд зориулан Никулае тус намын гишүүн Георге Бунья Станкуд нэг сая орчим еврог хууль бусаар гаргасан аж. Тэд тохиролцохдоо намын тэргүүн хэрэв ялсан тохиолдолд Никулаеын талын хүмүүсийг Засгийн газарт тавих ёстой байжээ.

Энэхүү хэрэгт шүүх хэлэлцээд Иоан Никулаедад 2,5 жилийн хорих ял, 640 мянган леев буюу 145 мянган еврогийн торгууль ногдуулсан. Харин Брэилийн захирагч асан Георге Станку 3 жилийн хорих ял сонсжээ. Энэ талаар romania-actualitati.ro мэдээллээ.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ