Цагаан ордон хакердуулсан явдалд Оросын засгийн газрыг буруутгаж байна

Цагаан ордны цахим сүлжээнд сүүлийн хэдэн сарын турш халдлага хийх оролдлого хийн, зарим нэг мэдээллийг хакердсан хэргийн цаана ОХУ-ын хакерууд байгааг илрүүлсэн тухай албаны хүмүүс мэдэгдсэн хэмээн CNN агентлаг дамжууллаа.

Америкийн Ерөнхийлөгчийн засаг захиргааны компьютерууд руу нэвтрэхийн тулд тэд эхлээд АНУ-ын Төрийн департментын систем рүү урьдчилан орсон гэнэ. Америкийн тусгай албад хакеруудыг шахаж гаргах оролдлого хийсэн хэдий ч тэд нэвтэрч чаджээ. Оросын хакерууд Төрийн департментыг хэдэн сарын турш хяналтдаа байлгаж байж болзошгүй хэмээн шинжээчид баталж байна.

Хэдийгээр хакеруудын халдсан мэдээллийн сан нууцлалын өндөр зэрэглэлд хамаардаггүй ч гадаадын тагнуулын байгууллагуудын хувьд өндөр ач холбогдолтой, чухалд тооцогдох мэдээлэл гэнэ.

Өнгөрсөн аравдугаар сараас Цагаан ордон Ерөнхийлөгчийн тамгын газрын нээлттэй сүлжээнд сэжигтэй үйлдэл бүртгэгдснийг анхааралдаа авч, сүлжээний аюулгүй байдлыг сайжруулахын тулд хэд хэдэн удаа сүлжээг хааж байсан байна. Уг үйл явдалтай холбоотойгоор Холбооны мөрдөх товчоо, Нууц алба, АНУ-ын Тагнуулын байгууллагууд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.

Цагаан ордны сүлжээнд нэвтэрсэн хакерууд мөрөө баллахыг оролдсон ч зарим нэг код болон тэмдэг, үлдээсэн баримтуудаар тэднийг ОХУ-ын Засгийн газарт ажилладаг гэх итгэл үнэмшлийг төрүүлж байна гэжээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Марк Строх нээлттэй сүлжээнд Оросын хакерууд нэвтэрсэн гэдгийг албан ёсоор батлаагүй ч АНУ иймэрхүү үйлдэлд маш нухацтайгаар хандана гэдгээ хэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ