Хуй салхинаас болж их хэмжээний эвдрэл сүйрэл гарчээ

Пүрэв гаригийн шөнө АНУ-ын Иллинойс муж хуй салхинд өртсөн тухай “NBCnews” агентлаг мэдээллээ.

Эрх баригчдын мэдээлж буйгаар хэдхэн цагийн өмнө болсон хуй салхи Чикаго хотоос баруун зүгт 130 км-ийн зайд орших Хиллкрест сууринг хамгийн хүчтэй дайрсан байна. Иллинойс мужийн цагдаагийн газрын мэдээлснээр хүний амь нас эрсэдсэн эсэхийг одоогоор тогтоогоогүй байна. Харин их хэмжээний эвдрэл сүйрэл гарсан гэжээ.

АНУ-ын Үндэснийн цаг уурын агентлаг хүмүүсийг хуй салхинаас болгоомжилж халхавч газар байрлахыг сануулж байна. Торнадогоос болж Чикаго хотын O'Hare олон улсын онгоцны буудал 850 гаруй нислэгийг цуцлаад байгаа юм.

Энэ цаг үед Айова муж улсын Скотт, Клинтон дүүргүүдийг хуй салхи дайрсан ч хүний амь нас эрсдээгүй гэж мэдээлжээ. Харин Муссури муж улсад салхинд цөөн тооны хүн өртөж гэмтэж бэртсэн байна. Техас мужаас тэлсэн хуй салхи үүний өмнө Мичиган, Висконсинийг дайрсан билээ. Байгалийн аюултай үзэгдэл баасан гаригт Аугуста, Жоржия зэрэг Атлантын далайн эрэгт орших мужуудыг дайрна хэмээн Цаг уурын агентлагаас мэдээлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ