Обама Кастро нар уулзлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кубын Ерөнхийлөгч Раул Кастротай өнөөдөр Төв Америкийн Панам улсын нийслэл Панам хотноо уулзлаа.

Панам хотноо энэ өдрүүдэд Америк тивийн орнуудын удирдагч нарын дээд хэмжээний уулзалт саммит болж байгаа бөгөөд энэ үеэр хоёр улсын төрийн тэргүүнүүд нүүр тулж тусгайлан уулзалт хийх тухай зарлаад байсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 60-аад жилийн турш дайсагнасан хүйтэн харилцаагаа хоёр улс дуусгавар болгон төрийн дээд хэмжээнд хэлэлцээ хийж эхэлсэн юм.

Зул сарын баярын өмнөхөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Кубын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцална, өнөөгийн нөхцөл байдал нь орчин үеийн улс төрийн бодлогод огт нийцэхгүй байна” гэж мэдэгдсэний хариуд Кубын удирдагч Рауль Кастро “хоёр орны харилцааг сайжруулах, хоригоо задлах алхам хийхийг” уриалснаар дэлхий дахин хоёр орны харилцааг дахин анхаарлынхаа төвд оруулсан юм. Улмаар хоёр орны удирдагчид 45 минутын турш утсаар ярилцсан нь 1959 оноос хойш үзэгдээгүй содон үйл явдал байсан учир үүнийг өнгөрсөн онд дэлхий дахинд болсон онцлох 10 үйл явдлын тоонд оруулахад ч болохоор байв. Хоёр тал дипломат харилцаагаа сэргээх тохиролцоонд хүрэхэд нь латин америкаас гаралтай Ромын пап Франциск маш идэвхтэй зуучилсан байна.

Б.Обама, Р.Кастро хоёрын ингэж харилцан мэдэгдэл хийж, үг хэлээ ололцоё, харилцаагаа сайжруулъя гэх болсны урьдчилсан нөхцөл бол юуны өмнө кубачууд АНУ-ын иргэн Алан Гроссыг сулласан явдал. Энэ хүн тагнуул хийсэн хэргээр Кубын шоронд 15 жил хоригдох ялаар шийтгүүлсэн юм. Зарим мэдээллээр бол, кубачууд Америкийн өөр нэгэн иргэнийг мөн сулласан бололтой.

Хариуд нь Америкийн тал 1998 онд баривчлагдсан “Кубын 5” гэгддэг тагнуулын бүлгийнхний үлдсэн гурвыг нь суллажээ. Нөгөө хоёр нь 2011 он болон 2013 онд суллагдаад байв. Гэхдээ Зул сарын баярын өмнөхөн хоёр тал гэв гэнэт л “тагнуулуудаа”солилцоод л харилцаагаа хэвийн болгохоор шийдчихэв үү гэвэл мэдээж үгүй. Харилцаа зөөлрөх шинж тэмдэг бүр 5-6 жилийн өмнөөс улс төрийн ажиглагчдад анзаарагдах болжээ.

Бидний нэрлэдгээр Эрх чөлөөний арал буюу Куба улсыг эдийн засаг, худалдааны талаар хаан боогдуулах бодлогоо эргэн харна гэдгээ Обама бүр 2009 онд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр мэдэгдэж байжээ. Мөн их удирдагч Нельсон Манделагийн оршуулах ёслолд Обама Раул Кастро нар таарч уулзалдаж гар барьж байсан нь хэвлэлүүдийн анхаарлыг татаж ийнхүү нүүр тулан дээд хэмжээний уулзалт хийх нь цаг хугацааны явдал боллоо гэдгийг дурдаж байсан юм. Тухайн онд Америкт амьдарч буй кубачууд эх нутагтаа зорчиход нь тавьж байсан хязгаарлалтыг цуцалж, тэдэнд Куба дахь хамаатан садандаа мөнгө шилжүүлэхийг зөвшөөрөх, олон удаагийн виз олгох зэргээр уян хатан хандаж эхлэв.

Харилцаагаа зөөлрүүлэхийн тулд Америкийн эрх баригчид цагаачлалын бодлого болон аялал жуулчлалын асуудлыг эхний ээлжинд хөндөн ярих бололтой байна. Учир нь, өнөөдрийг хүртэл Америкийн иргэд Кубал зорчих эрхгүй байгаа юм. Хэдийгээр хагас зуун жилийн хориг үйлчилж байгаа ч кубачууд жилдээ 2 сая гаруй жуулчин хүлээн авдаг ажээ. Хэрвээ 315 сая хүн амтай АНУ иргэдээ чөлөөтэй зорчуулдаг болох аваас Кубыг зорих жуулчдын тоо эрс өсөх нь ойлгомжтой. Хэдийгээр зорчихыг хориглож байгаа ч америкчууд гуравдагч орнуудаар дамжин Кубад олноороо очдог бөгөөд Кубын цагаачлалын албаныхан тэдний паспорт дээр штамп дардаггүй гэсэн яриа бий.

Харилцааг хэвийн болгох асуудлыг хөндөж тавихад түлхэцболсон гэх үзэх өөр нэгэн үндэслэл бий. Куба бол анагаах ухаан өндөр хөгжсөн улс бөгөөд сүүлийн саруудад Баруун Африкт дэгдсэн эбола вирустай тэмцэхэд Кубын чадварлаг эмч нар их хувь нэмэр оруулсныг америкчууд өндөр үнэлж байгаа ажээ.

Хатуу бодлогоороо алдаршиж, “харцага шонхор” гэгддэг байсан БНН-ын Жорж Буш Цагаан ордноос явж, Обама засгийн эрхэнд гарах үед Куба төдийгүй бусад олон орон АНУ-ын Кубын талаарх бодлого өөрчлөгдөх нь гэсэн найдлага тавьж байсан.

Тэр ч бүү хэл, Фидель Кастро энх тайвны Нобелийн шагнал хүртсэн Обамад баяр хүргэж байсан юм.

Обама Ардчилсан намынхантайгаа уулзах үеэрээ “бид ухаалаг байх хэрэгтэй, улс төрийн бодлогоо шинэчлэх ёстой. Намайг дөнгөж төрж байхад Фидель Кастро засгийн эрхэнд гарч байсан. 1961 онд тухайн үедээ цагаа олсон гэгдэж байсан бодлого Интернэтийн эрин үед, хүмүүс чөлөөтэй аялж зорчих болсон энэ цаг үед оновчтой байж чадахгүй” гэсэн утга бүхий зүйл ярьсан байна.

Мэдээж хэрэг америкчууд “Кубад ардчилсан өөрчлөлтүүд гарах ёстой, үүнийг хэрэгжүүлэхэд нь кубачуудад туслана” гэсэн санааг илэрхийлсэн байж таарна. Тэд өнгөрсөн хагас зуун жилийн турш Куба дахь хүний эрхийн асуудлыг байнга хөндсөөр ирсэн.

Өнөөдөр Барак Обама, Раул Кастро нар нүүр тулан уулзаж байгаа нь яах аргагүй олон улсын анхаарлын төвд байна.1961 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн АНУ Кубын эсрэг хориг арга хэмжээ авч, даян дэлхийгээс бүслэн хааж дарангуйллын арал муу ёрын бүс алан хядагчдын өлгий нутаг хэмээн зарласан билээ. Кубын эсрэг ил далд олон тогтоол баталж харьд байгаа куба хүн гэртээ бараг 100 доллар илгээх эрхгүй болсон юм. Кубатай харилцсан улс орон бүхэнд хатуу шахалт үзүүлж байв. Куба улс тэвчээртэй зогссоор, соц лагерийн орнууд дунд дэлхийн хувьсгалын үлгэр жишээч загвар хэмээгдэж байлаа. Хэдийгээр ЗХУ задарч соц систем нуран унасан ч Америк Кубын харилцаа хүйтэн хэвээр байсаар сүүлийн жилүүдэд аажмаар "дулаарч" байгаа нь энэ юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ