Малайзад амиа алдсан эмэгтэйн үхэлд гурван монгол эмэгтэйг сэжигтнээр татжээ

Малайзын Куала-Лумпур хотын захын хорооллын Таман Малури дахь 29 давхар орон сууцны барилгын зургадугаар давхраас монгол эмэгтэй унаж амиа алдсан байна. Энэ талаар тус улсын www.thestar.com сайтад мэдээлжээ. Тодруулбал, өнгөрсөн ням гаригийн 11.00 цагийн орчимд амиа алдсан эмэгтэйн хөршүүд нь эмэгтэй хүний хашгирах дуу сонсогдлоо хэмээн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг. Цагдаа нарыг хэргийн газар ирэхэд бүсгүй өндрөөс унаж амиа алдсан байдалтай байжээ. “Хохирогч гэртээ гурван монгол эмэгтэйн хамт амьдардаг байсан байна. Хэргийн газрын эхний үзлэгээр ширээн дээр байсан эд зүйлс аяга таваг нь хагарсан байдалтай. Магадгүй санаатай хүн амины хэрэг байж болзошгүй. Хэргийг нягтлан шалгаж байна” гэж Куала Лумпурын цагдаагийнхан мэдэгдсэн байна.

Харин гадаад хэргийн яамнаас “Бангкок дахь Элчин сайдын яам болон Малайзад суугаа өргөмжит консулаас авсан мэдээллээр дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын иргэн О нь нас барсан байна. Тэрбээр Малайзын Олон улсын (исламын) их сургуулийн дотуур байрны цонхоор унаж нас барсан байдалтай олджээ. О нь 29 настай. Тэрээр өрөөндөө гурван монгол эмэгтэйтэй хамт амьдардаг байсан гэх мэдээлэл байна. Тэд бүгд Малайзад сурдаг байсан" гэх мэдээллийг өгсөн аж. Хэрэг гарахын өмнө тэд хоорондоо маргалдсан байж болзошгүй гэж мөрдөн байцаагч үзэж байгаа бөгөөд хамт байсан гурван монгол оюутныг саатуулан байцаалт авахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ