Түүхийн гайхамшиг буюу Грек Персийн дайн

Месопотамаас хойд зүгт зах хязгааргүй мэт уулс нуруудын дунд нэгэн аймаг олон мянган жилийн турш амьдарч иржээ. Тэд нар, гэрэл гэгээг дээдэлдэг, атгаг муу санааг илэрхийлэгч гүн харанхуйг жигшдэг нэн хачирхалтай шашинтай байлаа.
Нийтийн тооллын өмнөх 538 онд тэд нутаг буцсаныг санаж байгаа биз дээ? Кир хаан энэ амжилтдаа сэтгэл ханасангүй, Египетийг эзлэхээр мордсон ч аян замдаа тэнгэрт халив. Харин түүний хүү Камбис эцгийнхээ зорьсныг гүйцэлдүүлж, Египет орныг сөхрүүлэн фараоныг сэнтийгээс нь буулгав. Энэ нь 3000 гаруй жил оршин тогтносон Египетийн аугаа эзэнт гүрний төгсгөл байсан юм. Ийнхүү цөөхүүлээ атлаа зоримог персчүүд бүх дэлхийг эзэгнэх боллоо. Гэхдээ бараг л. Учир нь тэд Грекийг хараахан эрхшээлдээ оруулаагүй байсан үе. Камбис хааныг насан өөд болсны дараа, их Дарий хааны үед л грекчүүд Персийн өмнө хүчин мөхөсджээ. Дарий хаан Египетээс Энэтхэгийн хил хүрсэн асар уудам эзэнт гүрнийхээ хаана нь ч өөрийнх нь тушаалгүйгээр юу ч өрнөхгүй байх хатуу чанга бодлогоор хаант улсаа захирч байв. Тэрээр зарлиг тушаалаа нутгийн аль ч зах хязгаарт саадгүй хүргэхийн тулд хаа сайгүй зам бариулжээ. Түүний сатрап буюу хамгийн итгэлт түшмэдийг хүртэл хаант төрийн нүд, чих болсон туршуулууд дагах ба энэ нь Дарий хааны засаглалын нэг онцлог байлаа. Шударга, итгэлтэй албатуудаар хүрээлэгдсэн тэрээр Бага Ази, тодруулбал Ионий арлууд тийш эзэнт улсынхаа хилийг тэлэхээр аян дайнд морджээ. Ямар ч гүрний эрхшээлд байж үзээгүй грекчүүдийн хувьд зарлиг бүрээ заавал мөрд хэмээн буулгах хэрцгий догшин хаантай, Азийн хаана ч юм байх шинэ эзэнт улс дэндүү харь санагдаж байлаа. Грекийн эзэмшил нутгуудын оршин суугчдын олонхи нь чинээлэг худалдаачид тул бүхнийг өөрсдийнхөөрөө шийдэж, төрийн хэргийг бие даан юм уу бусадтайгаа зөвшилцөж дадсан байв. Тэд Персийн хаанд захирагдах нь бүү хэл түүнд хүндэтгэлтэй хандахыг ч хүссэнгүй, эсэргүүцэн босч перс захирагчдыг нутгаасаа хөөжээ.
Тэднийг Грек даяараа дэмжсэн бөгөөд афинчууд хамгийн ихээр урам өгч, бүр хөлөг онгоц хүртэл илгээсэн байна. Хаадын хаан хэмээн олноо өргөгдсөн Персийн хаан өмнө нь ийн доромжлуулсан удаагүй. Бүх ертөнцийг захирсан их хааны нэр төрд халдаж зүрхэлсэн мөнөөх бяцхан арлын хэн ч биш “юмнуудыг” персчүүд хашраахаар шийджээ. Аугаа Дарий хааны арми Ионий арлуудыг хүчит шуурга мэт сүйтгэв. Гэвч хаан тайвширсангүй. Байлдан дагуулалд нь хөндлөнгөөс саад болов хэмээн афинчуудыг мөн хүйс тэмтрэхээр төлөвлөв. Афин хотыг үнсэн товрог болгож, бүх Грекийг эзлэхээр Дарий хаан их цэрэг, хөлөг онгоцуудаа зэхэв. Харин байлдааны хөлгүүд нь далайн шуурганд цохигдож сүйрчээ. Энэ нь хааныг бүр ч уурсуулж, зоог барих бүрт нь “Афинчуудыг санагтун” хэмээн өөрт нь анхааруулах шадар туслах хүртэл томилсон гэдэг. Дахин удтал бэлтгэсний эцэст Дарий хаан хүргэнээ шинэ их цэргийн хамт Афин руу явуулжээ. Персчүүд замдаа олон арал эзэлж, олон хот сүйтгэн эцэст нь Афины ойролцоох Марафон хэмээх газарт зангуугаа хаяв. Персийн арми тэнд байлдааны бэлэн байдалд шилжив. Тэд Афины бүх оршин суугчаас ч олон буюу 70 мянгуулаа байсан гэдэг. Харин Афины цэрэг 10 мянга хүрэхтэй үгүйтэй байв. Гэхдээ афинчуудад найдвар бага байсан гэж эндүүрэх хэрэггүй. Тэдэнд персчүүдийн дунд олон жил амьдарч, байлдааны арга ухааныг нь мэдэх болсон эрэлхэг жанжин Мильтиад байлаа. Тэгээд ч өөрсдийнх нь төдийгүй эхнэр, хүүхдүүдийнх нь амь нас, эрх чөлөө аюулд өртсөн тул эцсээ хүртэл тэмцэхээс өөр сонголт байгаагүй нь мэдээж. Ингээд афинчууд Марафонд дайснаа угтав. Ширүүн тулалдааны эцэст тэд ялж, персчүүд асар их гарз хохирол амсан, амь мултарсан хэд нь хөлгөндөө суугаад зугтжээ. Үнэхээр гайхамшигтай ялалт шүү. Боломжгүй бүхнийг сөрж зогссон афинчуудыг ялалтаа сүр дуулиантайхан тэмдэглэсэн гэж бодож байна уу? Огт үгүй. Мильтиад жанжин эрэлхэгээс гадна гярхай, алсын хараатай нэгэн тул тулалдаанаас бүрэн бүтэн үлдсэн Персийн хөлгүүд шуудхан нутаг буцахын оронд Афиныг чиглэнэ гэдгийг сайн мэдэж байлаа. Афин дайчид бүгд Марафонд байхад Афиныг хамгаалах хугацаа бага гэдэг нь ч тодорхой байсан юм. Аз болоход Марафоноос Афин хүрэх зайг усан замаас илүү хуурай газраар туулах нь хурдан. Тиймээс Мильтиад Афин руу зарлага яаралтай илгээж, аюул айсуйг ард үлдсэн афинчуудад анхааруулжээ. Энэ нь өнөөгийн бидний марафон хэмээн нэрлэдэг холын зайн гүйлтийн түүхийн эхлэл юм. Мөнөөх зарлага тэр хол замыг тун хурдан туулж, афинчуудад жанжны үгийг дамжуулмагцаа үхэдхийн унажээ. Энэ зуур Мильтиад жанжин цэргээ аван төрөлх хотынхоо зүг хөдлөв.Персийн хөлөг онгоцууд тэнгэрийн хаяанаа харагдахтай зэрэгцэн тэд Афинд хүрчээ. Гэхдээ тэнд тулалдаан болоогүй бөгөөд дэндүү эрэлхэг дайснуудаа харсан персчүүд зориг мохон нутаг буцсан байна. Ингэж зөвхөн Афин ч биш Грек орон бүхлээрээ аврагдав. Энэ явдал нийтийн тооллын өмнөх 490 онд болсон юм. Марафоны тулалдаанд арми нь ялагдсаныг дуулаад аугаа Дарий хаан хэчнээн их хилэгнээ бол. Тэр үед гэвч хаантан юу ч хийж чадахааргүй байсан. Учир нь Египетэд Персийн засаглалыг эсэргүүцсэн бослого гарч, эзэнт гүрэн нь ганхаж эхэлжээ. Дарий хаан удалгүй тэнгэрт хальж, Грекээс өшөө авч, их гүрнийхээ сүр хүчийг сэргээх үүрэг хаан ширээ залгамжлах түүний хүү Ксеркст оногдов. Ксеркс туйлын хичээнгүй, нягт нямбай нэгэн тул дараагийн тулалдаанд яарсангүй.Эзэнт гүрнийхээ өнцөг булан бүрээс дайчид цуглуулж, бараг сая орчим цэрэгтэй арми бүрдүүлэв. Ийм их хүчтэй нүүр тулсан грекчүүдэд юуных нь найдвар байх вэ. Энэ удаад Ксеркс хаан өөрөө армиа удирдав. Харин персчүүд өнөөгийн Истанбул хотыг Бага Азиас тусгаарлагч багахан буланг завь холбож хийсэн модон гүүрээр гатлах гэж байгаад бүтэлгүйтжээ. Завин гүүр нурахыг хараад Ксеркс хаан ихэд уурсаж, тэнгисийг харааж зүхсэн гэдэг. Гэхдээ нам гүмхэн тэнгис үүнийг анзаарсан үгүйг мэдэхгүй нь. Персийн их армийн нэг хэсэг Грек рүү тэнгисээс халдаж, өөр нэг хэсэг нь хуурай газраар давшив. Хойд Грект афинчуудтай нэгдсэн спартчуудын багахан арми Фермопил хэмээх бяцхан гармыг бүсэлж, персчүүдийн замыг хаажээ. Уурссан персчүүд спартчуудаас зэвсгээ хаяхыг шаардахад “Өөрсдөө ирээд ав” гэсэн хариу сонсов. “Гэрэлт нарыг ч халхлах олон сум бидэнд байна” гэж персчүүд дахин сүрдүүлэв. Харин цөөхүүлээ атлаа айхыг мэдэхгүй спартчууд “Тэгвэл сүүдэрт тулалдсу” хэмээжээ. Гэвч төрсөн нутгаасаа урвасан нэгэн грек хүний тусламжтайгаар персчүүд уулын бартаат замыг саадгүй давж, спартчуудыг бүсэлж, занганд оруулав. Тэнд Спартын 300, тэдний холбоотны 700 дайчин амь үрэгдсэн юм. Тулалдаанаас хэн ч зугтаагүй бөгөөд тэдний хуулиар тулаан эхэлсэн л бол байлдааны талбарыг хэн ч орхих ёсгүй байлаа. Тэдний дурсгалд зориулж Грекийн хожмын нэгэн найрагч Хамгаас эрхэм хуульд тань үнэнч хэвээр гэжХальж одсон спартчуудад хэлэгтүн! хэмээн шүлэглэжээ. Эдгээр явдлаас хойш афинчууд тайван суусангүй. Тэдний шинэ жанжин алсын хараа, авхаалжтай Фемистокл Марафоны гайхамшиг ганц л удаа тохионо гэдгийг ард олондоо сануулсаар байв. Афинчууд Персийн дайралтыг эсэргүүцье гэвэл нэн тэргүүнд тэнгисийн хүчинтэй байх ёстой гэдгийг ч тэрээр тооцоолжээ. Чингээд флот бүрдүүлэв. Фемистокл афинчуудыг бүгдийг нь зэргэлдээх Саламин арал руу нүүлгэн шилжүүлж, тэнгисийн флотоо арлын орчимд байршуулав. Эргэн ирсэн персчүүд эзэнгүй орхигдсон хотыг нь галдан шатааж, газартай тэгшлэхийг афинчууд алсаас харж байлаа. Харин Персийн арми эгээ л афинчуудын тооцоолж байснаар Саламины зүг эргэжээ. Афины холбоотнууд сандарч, хөлөг рүүгээ ухасхийхэд Фемистокл мэргэн үг, ухаанаараа тэднээс үлдэхийг хүсэв. Тэднийг ятгаж дөнгөмөгцөө жанжин Ксеркс хаан руу элч илгээж “Шалавхан довтол. Эс бөгөөс дайснууд чинь дутаах нь” хэмээв. Афины холбоотнууд тулалдаанаас зүрх алдаж, афинчуудыг орхиж байна хэмээн тагнуул туршуулуудаасаа сонссон Ксеркс хаан Фемистоклын үгэнд итгэж дараа өглөө нь багахан цэргээ Саламин руу довтолгожээ. Афинчуудыг авралгүй үлдсэн хэмээн айхавтар дутуу үнэлсэн хаантан шившигтэйгээр ялагдсан юм. Хэдийгээр Грекийн хөлөг онгоцууд Персийнхээс том, эргэхдээ удаан байсан ч дайчид нь эрх чөлөөнийхөө төлөө тулалдсан тул юунаас ч айхааргүй эрэлхэг байв. Арван жилийн өмнө Марафонд байгуулсан ялгуусан ялалт нь мөн тэднийг зоригжуулжээ. Армиа ялагдахыг Ксеркс хаан ойролцоох довцгоос харж суув. Балмагдаж, сандарсан тэрээр цэргүүддээ ухрахыг тушааснаар афинчууд хоёр дахь удаагаа Персийн хүчирхэг армийг ялав. Энэ явдал нийтийн тооллын өмнөх 480 онд болжээ. Үүнээс ердөө жилийн дараа Персийн хуурай газрын хүчин Платеи хотын ойролцоо грекчүүдийн нэгдсэн армид мөн бут цохигдсон юм. Тэр явдлаас хойш персчүүд Грек рүү дахин довтолж зүрхэлсэнгүй. Персийн дайнд усан цэргийн хувиар оролцож, эрэлхэг тулалдсаны дээр тэднийг командалж байсан Фемистоклыг хүндлэн хайрладаг байжээ. Гэвч Фемистоклын улс төрийн дайснууд гар хумхин суусангүй. Аристид тэргүүтэй нөхдүүд түүнийг Перс хэмээх дайсныг умартаад холбоотон улс Спартын эсрэг үйл ажиллагаа явууллаа хэмээн шүүмжлэн дайрч, хотын иргэдийн санал хураалтад оруулан Фемистоклыг Афинаас хөөв.
Ийнхүү Афины суут жанжин, төрийн зүтгэлтэн, шинэчлэгч энэ эр Грек Персийн дайны ердөө долоохон жилийн дараа буюу МЭӨ 471 онд насаараа зүтгэсэн хот улсаасаа хөөгдөв. Афинаас хөөгдсөн Фемистокл цэргийн дарангуйлалт Спартын аюулын талаар очсон газар бүртээ ухуулан таниулж байлаа. Гэвч түүний үгийг грекчүүд сонссонгүй. Сонсох байтугай аюултай эсэргүү этгээд гэж үзэх болсон байлаа. Фемистокл зэвсэг зөрүүлэн тэмцсэн дайсан улс Перс үрүү зугтахаас өөр багтаж шингэх газаргүй болов. Түүнийг Перст очиход Ксеркс хаан хэдийн тэнгэрт хальж, хүү нь захирах болсон байлаа. Эртний атаат дайсан улс Персийн хаан түүнийг хүндэтгэн угтаж, элбэг хангалуун амьдралаар хангажээ. Харин 10 жилийн дараа буюу МЭӨ 460 онд Фемистоклыг Персийн усан флотыг удирдан Грекийн хот улс уруу дайлаар мордохыг хаан хүснэ. Өөрийг нь хүндэтгэн хүлээн авч, хүнд хэцүү цагт тэтгэн тулсан Персийн хааны хүсэлтийг Фемистокл няцааж чадсангүй. Гэвч эх орныхоо эсрэг хэрхэн цэрэглэх билээ. 70 хүрсэн Грекийн суут жанжин Фемистокл Персийн нутагт хор уун амиа егүүтгэжээ.
40 жилийн дараа түүний урьдчилан харснаар Спарт Афины хооронд “хүйтэн” дайн эхэлж, эцэстээ хоёр хүчирхэг улс мөргөлдөн, Грекийн хойгт хот улс хоорондын дайн эхэлнэ. Энэ дайнд Афин ялагдсанаар Грекийн хот улсын ардчиллын үе шувтардаг. Харин энэ үеэс Италийн хойг дээрх Ромчууд хүчирхэгжинэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ