Ногоон хүүхдүүдийн гайхалтай түүх

Вулпитын ногоон хүүхдүүд гэсэн нэр нь XII зууны Английн түүхэнд хаан Стефаны хаанчлалын үед бодит байдлаас үүссэн гэж үздэг. Тухайн үед Вулпит тосгоны гүнтэн Суффолын тариан талбайгаас тариачид чоно урхидахаар ухсан хуучин нүхнээс хүү, охин хоёрыг олсон нь бүх талаараа хүнтэй адил ч арьс нь ногоон өнгөтэй байжээ.

Ингээд хүүхдүүдийг нутгийн ноён Де Колнд хүргэж өгч, ноён ч тэднийг асран хамгаалах үүргийг өөртөө авсан байна. Тэд огт мэдэхгүй хэлээр ярьж, яаж ч өлссөн хоол иддэггүй байлаа.

Тариачид тэдэнд ногоон шошийг яаж иддэгийг зааж өгснөөр ганц иддэг хоол нь ногоон шош болсон юм. Аажмаар бусад хоолыг ч идэж сурснаар арьсных нь ногоон өнгө арилсан байна.

Хүү нь удалгүй өвчилж нас барсан бөгөөд охин өсөж хэвийн амьдралаар амьдарсан хэдий ч биеэ барих чадваргүй, догшин зантай нэгэн болжээ.

Охин англи хэл сурсаныхаа дараа “Ах бид хоёр газар доорхи гэгээн Мартины ертөнцөөс ирсэн. Тэнд мөнхийн харанхуй бөгөөд бүх хүн ногоон арьстай байдаг.” гэж ярьжээ. Түүнчлэн тэд нэгэн удаа дүүтэйгээ хонь хариулж явтал хачин жингэнэсэн чимээ гарч, хүүхдүүд нэг л мэдэхнээ Англид, тэднийг олсон нүхэн дотор байсан аж. Энэ нь 1189, 1220 онд бичигдсэн Коггесхелийн «Chronicum Anglicanum», Уильям Ньюбергийн «Historia Rerum Anglicarum» бүтээлүүдэд тусгагдсан байдаг.

Харин “Хоёр дахь удаагийн нээлт” нь XIX зууны дундуур хамба Фрэнсис Годвины «The Man in the Moone» бүтээлд Уильям Ньюбергийн ногоон хүүхдүүдийн тухай дурддаг ажээ.

Ногоон хүүхдүүдийн тухай түүхийг 2 янзаар тайлбарлахыг оролдсон байдаг. Нэгд, газар доорх ертөнц, харь гаригийн тухай ард түмний зохиосон үлгэр байж болох эсвэл эрт үеэс улбаалж ирсэн бодит түүхэн баримтанд тулгуурласан ч байж болох юм. Ер нь бусад олон таамаг байдаг ч шинжлэх ухааны төлөөлөгчдийн дэвшүүлсэн нэг таамаг бий.

Тэдгээр ногоон хүүхдүүд нь зэсийн уурхайд ажилладаг олзны хүүхдүүд бөгөөд тэндээс оргосон байж болох юм. Учир нь удаан хугацаанд зэстэй харьцахад хүний арьс ногоовтор өнгөтэй болдог ба тэдний ярьсан харанхуй ертөнц нь уурхай байх бүрэн үндэслэлтэй гэж үздэг байна.

Энэхүү гайхалтай явдлын талаар дэлгэрэнгүй бичсэн эртний манускрипт одоо Британийн музейд хадгалагдаж байдаг гэнэ.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ