Хар усанд халуун амиа алдсаар л байх уу

Архинаас хордох, хордлогоор нас барах хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Олон улсын эрүүл мэндийн нийгэмлэгийн шалгуураар нэг хүнд ногдох спиртийн жилийн хэрэглээ 8 литрээс илүү байвал тухайн оронд нийгмийн ноцтой байдал үүссэн гэж үздэг.

Тэгвэл манай улсын нэг иргэнд ногдох архи, согтууруулах ундааны хэмжээ 23 литрт хүрсэн нь үндэсний хэмжээнд онц аюултай байдал бий болсныг илтгэж буй хэрэг юм. Архины уршгаар жилд дэлхий нийтээр 2.5 сая гаруй хүн амь насаа алддаг бөгөөд үүний 320 мянга гаруй нь 15-29 насны залуус эзэлдэг аж. Архи хэрэглэж эхлэх нас залуужих тусам архинд донтох эмгэгт өртөх эрсдэл нэмэгддэг байна. Тухайлбал, 15 нас хүрээгүй байхдаа архи хэрэглэж эхэлсэн хүмүүсийн 40 хувь нь архаг архичин болдог гэнэ.

Судлаачид архинд агуулагдах спиртийн агуулга хэдийчинээ өндөр, цэвэр болох тутам архинд донтох буюу үгүйлэх шинж тэмдэг хурдасдаг болохыг тогтоожээ. Хүн амын өвчлөлийн мөн нас баралтын тэргүүлэх таван шалтгаан нь архинаас үүдэлтэй өвчлөл буюу элэгний хавдар, гэмтэл, зүрх судасны эмгэг зэрэг байгааг статистикаас харж болно.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү улам холдсоор байгаа нь архи тамхи хэрэглэсэнтэй холбоотой гэж үздэг. 25-64 насныхны 60 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс байдаг гэж судалгаанд тэмдэглэгджээ. Зүрх судасны өвчнөөр нас барагсдын 50 хувь нь согтуу байсан бол хөлдөж нас барсан шалтгааны 80 гаруй хувь нь, амиа хорлолтын 55 хувь нь, усанд живсэн үхлийн 55 хувь нь мөн л архидан согтуурсантай холбоотой байдаг. Зам тээврийн осол аваарын гуравны нэг нь, нийт гэмт хэргийн дөрөвний нэг нь согтуугаар үйлдэгддэг болохыг албаныхан хэлж байгаа юм. Энэ бол аймшигтай тоо баримт. Гэр бүлийн хүчирхийллийн гол шалтгаан ч архидалттай холбоотой.

Дээрх амиа алдагсдын тоог бодит гэж хэлэхэд бас л эргэлзээтэй. Учир нь албан ёсны тоонд бүртгэгдээгүй хэчнээн хүн хар уснаас болж амиа алдсаныг хэлэх аргагүй. Айл болгонд нэг архичин бий гэж ярьдаг. Тэгвэл ойр дотны хамаатнуудтай нь тооцвол нэг айлын эргэн тойронд архи хэрэглэдэг хэдэн хүн байж болохыг хэлэхэд бэрх. Тэдний нэг нь нас барлаа гэхэд ар гэрийнхэн нь тэр бүр архинаас болж өнгөрсөн гэдгийг нь яриад байхгүй л биз. 2008 онд 416 төрлийн согтууруулах ундаанд мэргэжлийн байгууллага шинжилгээ хийхэд 36 нь хүний биед хортой бодис агуулсан нь нотлогджээ. Үхэх, сэхэхээ мэдэхгүй ганц өдрийн цэнгэлээс болж эрдэнэт амиа алддаг гашуун туршлага манайд бараг өдөр бүр дуулдах болсон гэхэд хилсдэхгүй.

Монголчууд жам ёсоор бус ийнхүү идэр насандаа мянга мянгаараа нас барах болсны гол шалтгаан нь нийгмийн сэтгэлгээний хямралаас үүдэн архидалт зах хязгаараа алдсантай холбон тайлбарлахаас өөр арга үгүй болжээ. Архинд живсэн монголчууд гэж олон жилийн өмнөөс хэлж, ярьсаар ирсэн. Гэвч өнөөдрийг хүртэл энэ нэршлээсээ салж чадахгүй л явна. Арга ч үгүй биз.

Өөрсдийнхөө бизнесийг нураах чин зоригтой эрх мэдэлтнүүд байхгүйгээс хойш. Архидалттай тэмцэх арга хэмжээ нь архины үйлдвэрт тоолуур тавихыг, эсвэл “архи” гэдэг үгийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хэлэхгүй байхыг хэлдэггүй байх. Гагцхүү цөөхөн хэдэн сувдагуудын сархдын шидэнд автах уу, саруул монголыг бий болгох уу гэдэг нь бидний сонголт болсоор удаж байна. Харамсалтай нь сонголт буруудсаар. Нэгэнт хүн хүнээ бодохоо байсан энэ цөвүүн цагт өөдлөх үү, уруудах уу гэдгээ хүн өөрийн ухамсраараа л шийднэ. Бид гуравхан саяуулаа бус гурав дахин олуулаа ч байж болох байсан даа.

Эдийн засгийн хямралын үед ийм юм бичлээ гэж хараалгах вий дээ. Ер нь элэг зүрх, эд эрхтэнээ хордуулан, цаашилбал амь насаа алдан байж төсвөө бүрдүүлэх нь хүний амьдралд хэр зүй зохистой юм бол доо. Архины эсрэг хууль санаачилсан харин ч энэрэнгүй, зоригтой ганц эмэгтэй гишүүнээ тал талаас нь гоочлоод байхаар өөрсдөө илүү гарцыг олж, харилцан зөвшилцөн зөв шийдлийг олж харах нь чухал байна. Цөөхөн монголчууд бид хар усанд халуун амиа алдсаар байх гэж үү.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ