Хөх толбот мажаруудын тухай

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер гэргийн хамт өчигдөр манай улсад хүрэлцэн ирсэн билээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ жил тохиож байгаа нь энэхүү айлчлалын нэгэн онцлог юм.

Унгар Улстай бид эртнээс сайн харилцаатай хэдий ч тус улсын талаар мэдэхэд илүүдэхгүй гэдэг үүднээс Унгар орны тухай хүргэж байна.

Унгар хүмүүсийг мажарууд гэдэг ба тэд өөрсдийгөө түүхийн хувьд Азиас гаралтай гэж үздэг. Мөн өөрсдийгөө Хүн гүрний болон Бат хааны байлдан дагуулалтад өртөж байсныхаа хувьд Бүгд найрамдах Унгар улс бол Европын холбооны гишүүн. Шенгений статустай. Австри, Словак, Украин, Румын, Словени, Хорват, Серби улстай хиллэдэг. Далайд гарцгүй. Нутаг дэвсгэр нь 94 мянган километр квадрат. Манай нэг аймгийн хэмжээний нутагтай гэсэн үг л дээ. Гэвч Европын зам харилцаанд нягт холбогдсон. Эх газрын зөөлөн дулаан уур амьсгалтай, домогт гардаг бур бур хуртай бумбын сайхан орон гэмээр газар хэмээн Унгарт очиж үзсэн монголчууд ярих нь бий.

Хүн ам 10 сая орчим. Гэвч хүн амын цэвэр өсөлт – 0,15% буюу хүн ам нь жилээс жилд буурч байгаа аж. Дундаж наслалт нь 74, дэлхийн дундаж хавьд. Нэг хүнд ногдох орлого 15 мянган ам.доллар. ДНБ-ий 60 гаруй хувь нь үйлчилгээний салбарт бүтээгддэг. Жилд 8 сая жуулчин ирдэг. Ядуурлын түвшин 12%. Банкны зээлийн хүү жилд 10-12 хувь байдаг.

Европын холбооны гишүүн боловч өөрсдийн мөнгөн тэмдэгт болох форинтыг гүйлгээнд хэрэглэдэг. Монгол төгрөг рүү шилжүүлэхээр нэг форинт нь 6 төгрөг орчим болдог аж.

Нийслэл Будапешт хот нь социализмын ид үед хүн ам нь 2 сая гарч байсан гэдэг. Гэвч ерөнхийдөө төрөлт буурч төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцоо задарснаар унгарчууд амьдралаа хөөж хөдөө рүү их шилжсэнээс нийслэлийн иргэдийн тоонэлээн буурч1,7 сая хүнтэй болжээ. Будапешт хот нийтийн тээврийн үйлчилгээгээр нэлээд сайндаа ордог. Ажлын цаг өглөө 08.00 цагаас эхэлж 16.00 цагт дуусдаг тул үдээс хойшдоо иргэдийн хувийн амьдрал гудамжинд өрнөнө.

Унгарын түүх их сонирхолтой. Унгарын нутаг 4-6-р зуунд Хүннүгийн мэдэлд байжээ. Хүн гүрний алдарт Атилла хааны Ромын эзэнт гүрэнтэй байлдах Европыг дайтах төлөвлөгөөгөө боловсруулан үржил шимтэй газар нутгийг сонгон суусан газар нутаг нь эдүгээгийн Унгар. Тэндээс л хүн гүрний цэргүүд ромчуудыг чичрүүлсэн дайралтаа хийдэг байлаа. Одоо Унгарт Атилла гэсэн нэртэй хүн их олон байдаг.

Hungary гэдэг үгийн язгуур Hun гэдэг үгтэй холбоотой ч гэдэг. Хүннүгээс хойш хаант улсууд ээлж дараалан энэ нутагт эзэн суусаар 900-аад оны үед л өнөөгийн Унгар улсын суурь тавигдсан аж. Байгуулагдсан цагаасаа хойш хүчирхэгжиж Европын чинээлэг гүрнүүдийн нэг болж байсан боловч бас олон хүнд сорилтыг давжээ. Хамгийн том нь гэвэл 1240-өөд оны үеийн Бат хааны байлдан дагууллын хөлд өртөж хүн амынхаа талыг буюу 1 сая хүнээ алдсан явдал. Ер нь эрт үед аль ч оронд хүн ам маш удаан өсдөг байсан учраас хүн амынхаа талыг алдана гэдэг бол аймшигтай сүйрэл болдог байж. 100-150 жил болж байж л алдсан тал хүн амаа арай гэж нөхдөг байсан гэдэг.

Монголчуудыг нутаг буцсанаас хойш хэсэг сэргэж, шашин соёлоо дэлгэрүүлж байгаад эргээд уналтад орж, дараа нь Оттоманы эзэнт улстай 150 жил дайтаж эцэстээ ялагдаж эзлэгдсэн байна. Тэгээд дотооддоо нэлээн бужигнаж байгаад эргээд европчуудын загалмайтны армийн тусламжтайгаар алдсан газар нутгаа туркуудээс буцааж авчээ.

Энэ үед монголчууд дотроо хуваагдаж Манж чин улстай дайтаж байсан үетэй цаг хугацааны хувьд давхцдаг. Турктэй хийсэн дайнд эрс суларсан унгарчууд яваандаа Австрийн нөлөөнд орж Австри-Унгарын эзэнт улсын нэг хэсэг болсон аж.

Дэлхийн 1-р дайнд Герман, Турктэй холбоотон болж Европын бусад улстай байлджээ. Уг дайнд ялагдсан, улмаар коммунистууд засгийн эрхэнд гарсан зэргийн нөлөөгөөр унгарчууд газар нутаг, хүн амаа хөрш орнууддаа их алджээ. Дэлхийн 2-р дайнд мөн л Германтай холбоотон болж оролцжээ. Гэхдээ дайны дундуур Унгарын засгийн газар Орос, Англи, АНУ тэргүүтэй холбоотнуудад бууж өгөх гэсэн боловч германчууд үл зөвшөөрч, засгийн газрыг нь огцруулаад өөрсдийнхөө хүмүүсийг оронд нь тавьжээ. Гэвч Германтай хамтарсан арми нь Орост ялагдав. Германчууд Унгарын еврейчүүдийг хядсан бол байлдаж байсан чех, орос, югославууд ч бас унгарчуудыг германуудтай холбоотон байсных нь төлөө үй олноор нь алж байжээ.

Дайны дараа Зөвлөлтийн нөлөөнд орж коммунист засаглал тогтсон юм. Германтай холбоотой байсан олон мянган хүнийг цаазалж, үүнтэй зэрэгцээд хэдэн зуун мянган хүн, ялангуяа сэхээтнүүд баруун руу дүрвэжээ. Олон жил үргэлжилсэн айдас хүйдэс, дургүйцлийн улмаас 1956 онд Зөвлөлтийн нөлөөг эсэргүүцсэн ард түмэн бослого гаргаж, сүүлд нь армитайгаа нийлж байгаад Будапештийг хянаж байсан зөвлөлтийн цэргийг ялсан боловч хэд хоногийн дараа оросууд 2500 танк, 140 гаруй мянган цэргээр эргэж довтлон босогчдыг дарж авчээ.

Социализмын үед унгарчууд бусад социалист орнуудтай нягт холбоотой байсны нэг жишээ нь монголчууд оёдлын үйлдвэрийн чиглэлээр олноороо Унгарт мэргэжил эзэмшиж байсан явдал юм. Социализмын үед эдийн засаг нь үр ашиггүй болж, яг ижил түвшинд байсан, ижил нөхцөлтэй Австриас бүхий л хөгжлөөрөө хол хоцорчээ. Гэвч эцэстээ Зүүн Европын бусад орны адил 1989 онд хувьсгал хийж ардчиллын замд орсон юм.

Унгар улс эрдэмтэн мэргэдээрээ алдартай. Ялангуяа унгарын математикчид дэлхийд толгой цохино. 10 гаруй Нобелийн шагналтантай. Хүн төрөлхтний хөгжилд хувь нэмэр оруулсан олон зүйлийг зохион бүтээж байсан.

Тус улс Парламентын засаглалтай, ардчилсан улс1949, 1972, 1989, 1997 онд Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт хийж байсан, одоогийн эрх баригчид Шинэ үндсэн хууль боловсруулан 2011 оны дөрөвдүгээр сарын 25-нд баталж, 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Хууль эрх зүйн систем нь Герман маягийн загвартай. Ерөнхийлөгч 5 жилийн хугацаатайгаар Парламентаас сонгогддог.

Ерөнхий сайдыг Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Хурал томилдог. Засгийн газрын танхимын гишүүдийг эрх баригч нам болон Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дагуу Улсын Хурал батална.

Хууль тогтоох дээд байгууллага нь Урсагдьюлеш буюу Улсын Хурал, 199 суудалтай. Улсын Хурлын суудлын 106-г намуудаас нэр дэвшүүлэн, тойргийн сонгогчдын саналаар, 4 жилийн хугацаатай шууд сонгож, үлдсэн 93 суудлыг намуудын авсан саналын хувиар бүрдүүлдэг холимог системтэй. Монгол Унгарын парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан ажилладаг ба тэрээр Унгар улсад боловсрол эзэмшсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ