Солонгос иргэд японы мөнгө хүүлэгчдийн гарт оржээ

Солонгосын мөнгө зээлдүүлэх зах зээлийн 42 хувийг Японы дөрвөн том компани эзэлж байгааг судалгаагаар тогтоожээ. Уг судалгааг Солонгос улсын Санхүүгийн зохицуулах хорооноос хийсэн ажээ.

Япон улсаас мөнгө зээлдүүлэгчид Солонгосын зах зээлд нэвтэрснээс хойш дөрөвхөн жилийн дотор 2 сая 560 мянган хэрэглэгчтэй болсон байна. Өөрөөр хэлбэл, 2011 оноос Солонгосын хамгийн том гэгдэх хэд хэдэн хадгаламжийн банкны үйл ажиллагаа уналтад орсон үед тэд зээл хүсэгчдэд зарим нэг таатай нөхцлийг бүрдүүлж өгсөн юм байна. Тухайлбал, зээл авахад шаардагдах бичиг баримтын бүрдүүлэлт бага, зээл авах хүсэлт тавьсаны дараа богино хугацаанд зээлээ авах боломжтой, зээлийн хүүгийн уян хатан нөхцөлтэйгээр үйлчилгээ үзүүлдэг нь ийнхүү хэрэглэгчдийг татаж чадсан аж. Зээлийн дундаж хүү 24.3-34.5 хувь буюу энэ нь бага хүү биш ч дийлэнх иргэд богино хугацааны зээл авах хүсэлтэй байдаг тул Японы мөнгө зээлдүүлэгчдийг сонгодог байна.

Солонгосын Санхүүгийн зохицуулах хорооны Хэрэглэгчдийн холбооны дарга Канг Хёнг Кү нь иймэрхүү байдлаар тус улсын иргэд гадаадын компаниудад өр зээлтэй болж байгаа нь тийм ч тохиромжтой зүйл бус гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн цаашид зээлийн үйлчилгээ эрхэлдэг гадныханд тавих хяналтаа сайжруулах шаардлагатай гэдгийг Засгийн газартаа мэдэгджээ.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ