Путин 90 орчим асуултанд хариулжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр орой “Путин шууд шугамаар” ээлжит асуулт хариултын нэвтрүүлэгт оролцож 3 цаг 55 минутын турш ард иргэдийнхээ сонирхсон 90 орчим асуултанд хариуллаа. Уг нэвтрүүлгийг сурвалжлахаар 250 сэтгүүлч оролцсны 70 нь Их Британи, АНУ, Герман, Франц, Хятад, Япон болон Латин Америкийн орнуудын сэтгүүлчид оролцсон байна.

Энэ асуулт хариултын нэвтрүүлэг жил бүр явагддаг бөгөөдонд өнгөрсөн оны хувьд 4 цаг 48 минут үргэлжилж байсан байна. Ерөнхийлөгч В.Путинаас асуулт асуусан иргэдийн ихэнх нь 40 гаруй насны эрэгтэйчүүд байсан бөгөөд асуултын ихэнх нь ОХУ-ын бодлого, батлан хамгаалахын аюулгүй байдалд чиглэж байв. Мөн хөрш Украин улсын нөхцөл байдлын талаар болон нийгмийн аюулгүй байдлын талаар асуусан асуулт цөөнгүй байснаас гадна арав орчим асуулт олон улсын шинжтэй асуултууд байжээ.

Оросын ард иргэд, хүүхдүүдээс ирүүлсэн зарим нэгэн хөгжилтэй асуултанд В.Путин сонирхолтой, хөгжилтэй хариултуудыг ч өгч байлаа. В.Путин эх орноо хайрлах үзэл болон бусад улс үндэстнийг үзэн ядах үзэл хоёр огт өөр зүйл гэдгийг асуулт хариултын үеэрээ онцолжээ.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ