Севол хөлөг онгоцны ахмад бүх насаараа хоригдох ял сонслоо

Одоогоос жил гаруй өмнө Өмнөд Солонгосын Севол хөлөг онгоц живж 300 гаруй хүн амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Тус онгоцонд осолдсон хүмүүсийн дийлэнх нь ахлах ангийн сурагчид байсан юм.

Севол хөлгийн ахмад Ли Жон Сеокыг үүрэг хариуцлагаа умартсан, зорчигчдод туслалгүй хөлгийг орхисон, хүн амины гэмт хэрэг үйлдсэн зэрэг зүйл ангиар буруутгасан ба Өмнөд Солонгос улсын давж заалдах шатны шүүх Севол хөлөг онгоцны ахмадад ялын дээд хэмжээ буюу бүх насаар нь хорих ял оноосон байна.Давж заалдах шатны шүүх хөлгийн багийн бусад 14 гишүүнд жил хагасаас 12 жил хүртэл ял оноожээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон шүүх хурлаар багийн гишүүдийн 5-д нь 30 жилийн хорих ял оноосон байсан юм. Мөн хагас жилийн өмнө Өмнөд Солонгосын доод шатны шүүх хөлгийн ахмадад 36 жилийн хорих ял оноосон байжээ.

Севол хөлгийн ослоор амиа алдсан 295 иргэний цогцсыг олсон боловч 9 хүн өнөөг хүртэл сураггүй хэвээр байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ