Хонхны баяр хордлого болох вий

Манай улсад улирлаар үргэлжилдэг хэдэн баяр бий. Зунжин наадам, намаржин хурим, өвөлжин шинэ жил, хаваржин хонхны баярын догдлол үргэлжилнэ.
“Сүх”-ийн талбайн хаа сайгүй тавийн аяга, сархадын лонх хөглөрч байвал хонхны нэрэн дор лонхны баяр эхэлсний тэмдэг. Хэд хоногийн өмнөөс хаваржин дуншсан уг баяр эхлээд буй. Сүүлийн жилүүдэд Лонхны гэх нэршил авсан энэ тэмдэглэлт өдөр “Хордлого”-ын гэдэг тодотголтой болох цаг ойрхон байна. Хаа сайгүй хөлчүүрхсэн гоё, ганган охид, залуусын инээд наргиа хахир хатуу үгсээр солигдох нь элбэг. Нийгэм угаас ийм байсан уу гэвэл үгүй.
Аливаа юмс он цагийн урсгалаар хувьсан өөрчлөгддөг жам ёсоор Эрдмийн баяр ч нийгмээ дагаад өнгө зүс, чанар чансаа, бүр цаашлаад утга агуулгаа өөрчилсөөр.
Өмнөх зууны сүүлч буюу 1990-ээд оноос өмнөх үеийнхний хувьд энэ өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг байсныг саная. 1988 оны төгсөгчдийн төлөөлөл болох Д.Оюунжаргал нэгэн сонирхолтой түүхийг сөхсөн юм.
Тэрээр “Бидний үед хонхны баяраар Сүхбаатарын талбай, Зайсанд л очдог байлаа. Тэр үед тавдугаар сарын 31-ний орой нийт төгсөгчдийн баярыг нэгдсэн журмаар Сүхбаатарын талбай дээр тэмдэглэж билээ. Бүгдээрээ гараасаа барилцан гинжин холбоо үүсгэж, ганц нэгээрээ явж байгаа хүүхдийг сэвдэг байсан сан. Юу гэсэн үг вэ гэвэл хүүхдүүд гар гараасаа бүгд хөтлөөд ганцаараа явж байгаа нэгнийгээ тойрон бүчиж аваад дээш нь шиддэг юм. Яг алчуур сэвж байгаа юм шиг. Ингэж л хөгжилддөг байлаа даа. Өөр үзэж харах юм ч байсангүй. Одооных шиг хөлчүүрхэх асуудал бүр сураггүй байсан болохоор ангийн багш ч заавал хамт байх шаардлагагүй байж. Амралт зугаалганд явна гэсэн ойлголт ч байгаагүй” хэмээн ярисан юм. Тэдний үеийнхнийг “Би чамд хайртай” киногоор төсөөлж болох юм. Уг кинонд дунд сургуулийн нэг ангийнхан хонхны баяраараа юу өмсөж, юу идэж уух вэ гэхээсээ илүүтэй бид нийгэмд ямар байр суурь эзэлж, хэрхэн амьдрах талаар ярилцдаг. “Соц” нийгмийн үе ийм төлөвшлийг олгож байж. Тэр үед бүх сургууль нэгэн жигд дүрэмт хувцас өмсөнө. Хонхны баяраар охид нь цагаан тууз үсэндээ зүүж, цагаан хормогчоор гоёдог байлаа.
Тэгвэл Ардчилсан хувьсгалын дараа буюу 1990-ээд оны эхэн үед нийгэм маш хүнд байсан ч удалгүй байдал сайжирч, боломжтой айлын хүүхдүүд дуртайгаараа гангалах болов. Энэ л үеэс эрх чөлөө гэгчийн үнэрийг авч, улмаар амтанд орж залуус амралт зугаалганд чөлөөтэй явж наргиан цэнгээн утгаараа бий болсон гэхэд болно.
Харин 2000-аад оныхон өмнөх үеийнхнийгээ бодвол барууны соёлд харьцангуй нэвтэрхий болсны хувьд аливаа бүхэн тэр хэрээр нээлттэй болж, хонхны баяраа жинхэнэ чөлөөт байдлаар тэмдэглэх болсон. Эцэг, эхийнхээ зүдэрч олсон хэдэн төгрөгийг ганц, хоёрхон цаг өмсөж, зүүх өнгө өнгийн хувцас, эдлэлд үрж, нэг төрлийн өрсөлдөөн бий болсон. Үр хүүхдээ бусдаас дор оруулахгүй гэх ар гэрийнхний сэтгэлийг ч бас яалтай. Энэ л цаг үеэс хонхны баяр “лонх” тодотголтой болов. Сурагч, оюутнууд сэтгэлийн хөөрөлд автаж, өөрсдийгөө “том хүн” боллоо хэмээн сэтгэж, хатуу дарсыг хайр найргүй хүртэнэ.
Энэ их наргиан цэнгээний ард элдэв муу уршиг дуулдах болсон тул 2000 оны дунд үеэс төр засгаас тодорхой арга хэмжээ авч эхэлсэн юм. Тухайлбал, олон нийтээрээ аялал зугаалгад явж байгаа иргэдийн согтууруулах ундааны тоог хязгаарлах, цаашлаад аялал зугаалгад анги хамт олноороо явахыг хориглох зэрэг шийдвэрүүдийг гаргах болжээ. 2010 оны хавраас их дээд, сургуулийнхан уг баярыг “Эрдмийн баяр” болгон тэмдэглэж, төгсөгчид тайлант өдөрлөгийг зохион байгуулах, шагнах, урамшуулах үйл ажиллагаа явуулах журмыг мөрдөхөөр болсон билээ.
Энэ жил ч мөн Нийслэлийн боловсролын газраас Ерөнхий боловсролын 1, 5, 9-р анги төгсөгчдийг хонхны баяр тэмдэглэхийг албан ёсоор хориглоод байна. Мөн дүүргүүдэд эрдмийн баярыг тогтсон хугацаанд тэмдэглэх удирдамжийг хүргүүлээд байгаа аж.
Гэвч энэ мэт шийдвэрийн хэрэгжилт хэр үр дүнтэй байдгийг та бид жил бүр харж байна. Жишээ нь, саяхан нэгэн амралтын газарт 1997 онд төрсөн хүүхэд сурагчийн үнэмлэх, иргэний үнэмлэхийн хамт үлдээсэн байв. Энэ нь сургуулиа төгсөж амжаагүй сурагчид шалгалтандаа хэрхэн бэлдэж буйг харуулж байна. Энэ мэт зугаацсан залуучууд хэрэг төвөгт ордоггүй юм аа гэхэд хэдэн өдөр уусан юмных нь гор арилахгүй, хэвтрийн дэглэмд өдрийг өнгөрүүллээ гэх яриа чих дэлсэх нь бий.
Ямартай ч их амьдралын босгыг алхаж буйгаа ухамсарлан баяраа баяр болгон баярлаж байгаа нь цөөхөн. Ихэнх нь тэр өдрийн гоё чамин, үнэтэй хувцас хэрэглэл, идэш уушийн сайханд мансууран, хормын жаргалд умбана. Нэг ангиас доод тал нь 70 хувь нь "шоуддаг". Хаа сайгүй 50-ийн аяга, хатуу дарсны хоосон лонх хөглөрөх нь шинэ амьдралд алхан орох гэрчилгээгээ гардсан залуусын баяр эхэлснийг илтгэх энэ л өдрүүдэд ядаж хогоо хаяхгүй байх ухамсараас өөрсдийгөө татаж эхлэх уриалгыг хүргэе. Хонхны баяраа лонхных болгосон шигээ хордлогынх л бүү болгоосой. Гэлээ гээд хүний баярлах эрхийг хязгаарлах нь хаашаа юм.

Ямартай ч энэ жил сургуулиа төгсөж байгаа 26102 сурагч, 22000 оюутнууддаа “Эрдмийн баяр”-аа инээд баяслаар дүүрэн өнгөрүүлж, ирээдүйн гараагаа зөв эхлэхийг хүсье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ