Франц улс өшөөгөө авч байна

Энэ оны нэгдүгээр сард Франц улсад Чарли Эбдо сэтгүүлийн редакцд халдан олон хүний амийг хөнөөсөн аймшигт халдлага гарсан билээ. Олон улсын анхаарлын төвд орж дэлхий нийтээрээ энэ халдлагыг буруушааж Францын ард түмэнд эмгэнэл илэрхийлж байсан юм. Халдлагыг үйлдсэн этгээдүүдийг цагдаа цэргийнхэн шуурхай ажиллаж устгасан билээ.
Гэсэн хэдий ч халдлагыг санаачилж зохион байгуулсан цаад эзэд гэм зэмгүй хоцроод байсан юм. Халдлагын хариуцлагыг "Исламын улс" болон "Аль Каида" бүлэглэлүүд хүлээнэ гэдгээ дэлхий дахинд мэдэгдсэн.
Тэгвэл Чарли Эбдогийн халдлагыг зохион байгуулсан, хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж мэдэгдээд байсан “Аль-Каида” бүлгийн лидерүүдийн нэг болох Нассер бин али аль Ансиг АНУ-ын агаарын хүчний цохилтоор устгасан тухай “Reuters” агентлаг мэдээлээд байна.
Агаарын цохилтын явцад ”Аль-Каидагийн” Йемен дахь бүлгийн үзэл сурталч лидер Нассер бин Али аль-Анси ба түүний том хүү зэрэг нэлээд хэдэн террорист дайчдыг нисгэгчгүй онгоцны дайралтаар устгасан байна.
Нисгэгчгүй онгоцны дайралтыг Францын тусгай албад захиалсан гэх мэдээлэл ч мөн гараад байгаа. Ямартай ч тагнуулынхны мэдээлэлд үндэслэсэн нисгэгчгүй онгоцны дайралт үр дүнгээ өгч террористуудыг устгасан байна.
Энэ тухай террористуудын сүлжээний идэвхийг хянадаг SITE-ийн шинжээчид анх түрүүн мэдээлсэн байна. Нэг сарын өмнө Йеменд Америкийн нисгэгчгүй онгоцны довтолгоогоор Аль Каидагийн бас нэгэн лидер болох Харис Назарийг устгасан юм. Назари ч мөн Чарли Эбдогийн хариуцлагыг өөртөө хүлээнэ гэдгээ зарлаад Францд дахин нэг халдлага хийнэ гэдгээ зарлаад байсан юм.
Ийнхүү Чарли Эбдогийн халдлагын хариуцагчдыг түүвэрлэн устгаж эхэлснийг Францын талаас захиалгатай гэж хэлэхэд ч болохоор байна. Халдлагад "Исламын улс" бүлэглэлийн талаас хариуцлага хүлээх этгээдүүдийн нууцлал, хамгаалалтын зэрэглэл өндөр байгааг зэвсэгт ажиллагаа явуулж буй дайчдынхаа дунд байгаатай холбон өрнөдийн мэдээллийн хэрэгслүүд уламжилж байгаа.
Гэхдээ тэдэнтэй хийх Францын тооцоо ч цаг хугацааны асуудал гэдгийг хэвлэлүүд бичжээ. АНУ-ын зүгээс 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын гол буруутнуудыг арваад жилийн турш ангуучилсаар Аль Каидагийн гол толгойлогч Осама бин Ладеныг хүртэл устгасан юм.
Одоо ч ангуучлал үргэлжилсээр байгаа. Үүнтэй л адил Францын засгийн газар Чарли Эбдогийн хохирогчдын өшөөг авч байна хэмээн CNN, Reuters агентлагууд дурдсан байна.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ