Польш улсад ерөнхийлөгчийн сонгууль болж байна

Польшууд төрийн шинэ тэргүүнээ сонгохоор саналаа өгч байгаа бөгөөд тус улсын одоогийн Ерөнхийлөгч Бронислав Коморовски улиран сонгогдох магадлалтай байна.
Урьдчилсан санал асуулгаар Бронислав Коморовски ялах магадлалтай байна. Гэвч нэр дэвшигчид 50-аас дээш хувийн санал авч чадахгүй бол хоёр дахь шатны сонгуулийг явуулна. Польшийн Ерөнхийлөгч агсан Лех Качиньский онгоцны ослоор амиа алдсаны дараа буюу одоогоос таван жилийн өмнө Коморовски тус улсын Ерөнхийлөгч болсон билээ.
Польшийн ерөнхийлөгч хязгаарлагдмал эрх мэдэлтэй байдаг боловч зэвсэгт хүчний ерөнхий командлагч бөгөөд шинэ хуульд хориг тавих эрхтэй юм.
Өдгөө 62 настай Коморовски нь барууны төвч “Иргэний платформ” намын холбоотон, бие даан нэр дэвшигч юм. Уг нам нь 2007 оноос засгийн газарт орсон байна. Ерөнхийлөгч агсан Лех Качиньскийгийн ихэр Ярославын тэргүүлсэн зүүн жигүүрийн сөрөг хүчний “Хууль дүрэм ба шударга ёс” намаас нэр дэвшигч Анджей Дуда нь Коморовскигийн гол өрсөлдөгч юм.
Энэ намар болох парламентын сонгуулийн өмнө ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа нь “Иргэний платформ” намд эрх мэдлээ хадгалж үлдэх боломжийг олгож магадгүй юм.
Нэр дэвшигчид 50 хувиас дээш санал авч чадахгүй бол энэ сарын 24-нд дахин сонгууль явуулах ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ