Зохиолчдоо өмөөрөхүй

Энгийн бөгөөд өөртөө итгэлтэй, омог бардам хүмүүс бол зохиолчид. Яагаад гэхээр тэд дандаа бусдын өмнөөс уйлж, баярлаж, шатаж, шаналж явдаг атлаа тэрэндээ огтхон ч харамсдаггүй харин ч урамшаад явдаг.
Үнэндээ хүмүүс уран зохиолгүйгээр амьдарч чаддаггүй гэдгээ огтхон ч ойлгодоггүй. Талхгүй бол хэд хонож болдог юм бүү мэд. Харин уран зохиолгүйгээр лав нэг их удаан тэсэхгүй. Энэ учрыг л одоо би ярих гээд байна. “Зохиолч гэж гажигтай нөхдүүд. Тэдний бичсэн хэнд хэрэгтэй юм. Яршиг л байна...” ийм үгийг хоёр хүний нэг нь хэлнэ гэхэд мөрийцсэн ч бэлэн байна.
Ном уншихгүйгээр болдог л юм байгаа биз. Харин дуу дуулахгүй, театрт очихгүй байх боломжгүй. Эгэл жирийн хүн бол номоо ч уншина, театрт очиж дуурь, жүжиг, кино, концертоо ч үзнэ. (энд зөвхөн зохиол сценарын дагуу хийгддэг урлагийн төрлийг оруулав) Урлагийн энэ олон төрлүүдийн эцэг нь уран зохиол юм. Тэгэхээр нөгөө гажигтай нөхдүүд чинь хүнд хэрэгтэй юм хийдэг л улс болж таарах нь. Ууж согтохоороо шүлэг найраг уншдаг, уйлж шаналахаараа шүлэг тэрлэж тайтгарах явдал бараг л хүн болгонд тохиолддог байх. Үнэндээ хөөрхий тэр хэдэн зохиолчид л хөөрч баярлахаараа энийг уншаарай, хөгшидөө дурсвал ингэж дуулаарай, театрт очвол энийг үзээрэй, тал нутгаа санагалзвал ингэж тайтгараарай гээд хүний өмнөөс л бичээд явдаг улс.
Зохиолчид бүгд өөр өөр ажил хийгээд уран зохиолыг хаявал хаяж чадна шүү дээ. Бусдын өмнөөс сэтгэж чаддаг хүмүүс өөрийнхөө төлөө юуг ч хийж чадна. Тэр тусмаа манайх шиг уншигчдын зах зээл бага улс оронд ном бичиж борлуулаад зөвхөн түүгээрээ амьдрах нөхцөл хомс, бараг л байхгүйтэй адил. Гэхдээ л хөөрхий хэдэн зохиолчид маань үзээд л байгаа юм даа.
Аугаа Д.Нацагдоржоосоо эхлээд амьддаа жаргасан нь ховор доо. Энэ нэг шүлэг зохиол бичдэг архинд дуртай нөхөр гэж адлагдавч алдар хүндийг өнгөрсөн хойноо л хүртдэг гашуун тавилантай хүмүүс. Тэдний оюун тархиар сэтгэлээ тэжээж амьдардагаа хүмүүс ойлгодог ч үгүй цаашдаа ойлгохгүй биз. Ер нь ойлгоод ч яах юм.
Энэ дэлхий ертөнцийн хаана ч адилхан даа бүх л зохиолчид, арай ойроор нь сонин хэвлэлийн газрын хаяа бараадан амьдарч нөгөө л уран бүтээлийнхээ ажлаа хийнэ. Шууд үндсэн ажилдаа орвол турж үхэх нигууртай учраас л тэр. Олон ч зохиолчийн намтар түүхийг харж байхад одоо ч манай нийгмийн байдал тийм л байна. Өнгөрсөн нийгмийн бүх л зүйлийг харлуулж, шарлуулах хэрэггүй. Тэр нийгэм ямар ч гэсэн уран зохиолчдыг ойлгодог мэргэжлийн чадварлаг байгууллагатай байлгаж чадсан байдаг.
Цалин аваад уран бүтээлээ хийдэг “мэргэжлийн зохиолч” хүртэл байлаа шүү дээ. За тэр ч энэ цаг үед арай дэндэнэ. Гол нь өнөөгийн төр засаг уран зохиолыг холын хол хогийн саванд чихэх шахуу байгааг гайхаад баршгүй. Улс орны тусгаар тогтнолын баталгаа болсон бичиг соёлын үүх түүх, зан заншилаас эхлээд үндэстний арвин баялаг өв уламжлал дархлаа зохиолчид хийгээд уран зохиолын сан хөмрөгт хадгалагдаж байдаг. Номоо зараад өөрсдөө амьдар гээд орхиж боломгүй. Ч.Лодойдамба, Д.Намдаг, С.Эрдэнэ нарын аврагуудын ном ч хагас зуун жил 500 мянган хувь борлогдож чадсан уу, үгүй юу бүү мэд.
Хэдхэн жилийн өмнө Хятадын нэгэн зохиолч манай зохиолчдын байгууллагын удирдлагуудаас танайхан ер нь хэдэн хувиар номоо хэвлүүлдэг вэ? гэж асууж,
Манайхан бодож бодож бодит тоогоо хэдэн арав дахин өсгөөд 50 мянга гээд аваад хаяж гэтэл нөгөөхийн нүд орой дээрээ гарч Хайяа! Та энэ уран зохиолынхоо ажлыг түргэн орхи гэсэн гэдэг. Гэтэл тэр нөхөр жилдээ нэг номыг тус бүр нэг сая хувиар хэвлүүлдэг гэнэ. Зохиолчийн хувьд айхтар мундагтаа орохгүй л нөхөр тэгэхээр аваргууд нь хэдэн саяар хэвлүүлдэг байж таарах нь. Зохиолч хүн тэнд уран бүтээлээ туурвиад сайхан амьдарч болохоор байгаа юм. Номыг дор хаяж арван доллараар тооцож тус бүрээс нэг доллар авахад л долларын саятан болно. Гэтэл манайд ямар байна. Нөгөө “ардын” хэдээс эхлээд цөмөөрөө ивээн тэтгэгч олж хэдэн номоо мянга мянгахан хувиар хэвлүүлнэ. Дахин мянгаар ганц нэг удаа хэвлүүлбэл дээдийн заяа. Дордуулж хэлбэл тамхи ширхэглэн зардаг хүмүүстэй яг адил. Үндэсний сэхээтнүүд чинь ийм л түвшинд явна.
Алдар нэр нь түгсэн авъяас билэг нь ундарсан, чихтэй болгон сонсож, амтай болгон дуулж, нүдтэй бүхэн уншсан сайхан сайхан уран бүтээлийн эзэдаль 60, 70 оныхоо пүрштэй цагаан орон дээр хажуулсан шигээ уран бүтээлээ туурвиж суугаа. Бас нэгэн бодлын гоё шүү.
Сүүлийн үед жүжиг киноны сайн зохиол алгагэх зэргээр шүүмжлэх явдал бишгүй л гарах юм. Энийг би тогтолцоондоо л байгаа гажуудал гэж ойлгодог. Түүнээс Монголд жүжиг, кино бичих авъяастай зохиолчид хэдэн арваар бий. Энэ тал дээр зохиолчид нь учраа олохгүй, зохиол хэрэглэдэг уран бүтээлчид тэдний авъяас чадварыг бүрэн ашиглаж чадахгүй юм. Тийм учраас зохиолыг хэн дуртай нь “эрээчээд” утга зохиолын болон зохиолчдын нэр хүндийг унагаад байна. Гадаадын гэсэн бүхнийг шүтдэг гажиг тогтолцоо уран зохиолын салбарыг бас тойроогүй. Монголын уран зохиолыг “үнэрлэж” ч үзээгүй хэрнээ гялгар хавтастай гадаадын зохиолчийн ядмагхан бүтээлийг сохроор шүтнэ. Ийм үзэгдэл хамгийн сүүлд “Чонон сүлд” роман дээр ажиглагдана лээ.
Харин манай зохиолч Ц.Буянзаяа “Чонон сүлд ба хонин сэтгэлгээ” нийтлэл бичиж дорвитойхон хариу өгсөн дөө. Сүүлийн таван жил “Чонон сүлд” роман хэдэн мянган хувь борлогдсон билээ. Гэтэл Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” туужийг уншсан хүн хэд хичнээн бол... Хүн юугаа уншина, ямар номоо авна хүний эрх бас сонголт гэж ихэнх хүмүүс бодож байгаа. Тэр тийм, би ч санал нэг байна. Гэхдээ л сэтгэл хөндүүрлээд, харамсал төрөөд байдаг юм. Гэрийнх нь хаяанд шижир алт хэвтэж байхад түүний дээгүүр харайж түрхэц түрхсэн төмөр өндөр үнээр худалдан авахтай л агаар нэгэн юм даа.
Цөөхөн уншигчтай учраас Монгол уран зохиол дэлхийд гарахгүй байгаа юм. Түүнээс Монгол зохиолчийн ур ухаан хүрэхгүй байгаадаа огтхон ч биш юм. Жишээлбэл зохиолч Ч.Галсан Герман хэл дээр зохиолоо бичээд европыг байлдан дагуулж байна. Францын номын санд Монголын уран зохиолын ямар бүтээл байна гэхэд ганцхан Ч.Галсангийн хэд хэдэн бүтээл байдаг тухай тэнд сурдаг оюутан ярьж байсан. Ч.Галсангаар бахархмаар байгаа биз. Гэхдээ Ч.Галсан бол жирийн л сайхан монгол зохиолчдын нэг.
Ер нь дэлхийд ахуй амьдрал болоод сэтгэлгээний онцлогтой арвин баялаг түүх намтартай Монгол уран зохиолыг орчуулж гадаад зах зээлд гаргах боломж маш хомс. Ганцхан гарц нь Монгол зохиолч өөрөө л тухайн хэл дээр зохиол бүтээлээ туурвих явдал юм. Үүний тод жишээ бол дээр өгүүлсэн Ч.Галсан зохиолч. Манай зарим зохиолчид нэг их олон хэл дээр зохиол бүтээлээ орчуулсан юм ярьж байх юм. Би л хувьдаа эргэлздэг. Их л эмзэг зүйл. Монголын уран зохиолыг дэлхийтэй холбох ажилд түүчээлэн оролцдог Г.Мэнд-Ооёо зохиолчийн “Ээж минь ширдгээ ширж байна” гэсэн сайхан монгол шүлгийг яаж орчуулах вэ? Утгачилж орчуулах байх л даа харин амтыг нь яах вэ? Амт нь үгүй бол энэ шүлэг хэнд хэрэгтэй вэ? гэх зэрэг асуудал бий. Өөр олон жишээ хэлж болно. Мөнгөн хазаарын чимээ, мөнгөн аяга шиг гар, саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаас гэх зэрэг зөвхөн Б.Явуухулангийн эдгээр мөрүүдийг яаж орчуулах вэ?
Гол нь уран зохиолынх нь үнэ цэнэ, үнэр амтыг нь яахав гэдэг л гол асуудал. Тэгэхээр монгол зохиолч өөрөө л тухайн хэлээр бичиж байж энэ үнэр амтыг уншигчдад өгч чадна. Мянган сайн орчуулагч ч тус болохгүй. Гэхдээ одоо яахав. Нөхцөл байдал иймийн тул орчуулагчиддаа найдаад орхихоос өөр замгүй. Монголын төр хэрэв ухаалаг бол уул уурхайгаас орж ирж буй энэ их мөнгөнөөс өчүүхнийг л монгол хүний оюун тархинд хөрөнгө оруулалт хийж байна гэж бодоод хэд хэдэн сайн зохиолч гадаадад сургах юмсан. Яг өнгөрсөн нийгмийн үед сайн зохиолчдоо тэр үеийн ЗХУ-д Горькийн сургуульд явуулдаг байсан шиг.
Ямар ч улсад сайн зохиолчид нь үндэсний бахархал нь болж тэднийгээ ихэд хүндэтгэн дээдэлж уран бүтээлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалсаар ирсэн. Түүний илрэл нь зохиолчидынх нь гэр музей зэргээс харагддаг. Миний бие л гэхэд газар газар очиж Шекспир, Горький, Есенин, Тургенев, Жек Лондон зэрэг хүн төрөлхтөний бахархал болсон зохиолчдын гэр музейг үзэж, Д.Нацагдорж, Б.Явуухулан, Ч.Лодойдамба, М.Цэдэндорж зэрэг зохиолчдынхоо төрсөн бууцанд нь очиж хүндэтгэл үзүүлж явлаа. Монголчууд ч зохиолчдоо хүндэтгэн хайрладаг ард түмэн.
Мэдээж монгол хүний онцлог тэр үеийн гэр бариатай байна гэх биш, эх орны минь үзэсгэлэнт сайхан нэгэн уулын ам суга, нөмөр дулаахан өвөлжөө, хаваржаа байдаг. Эх нутаг нь тэр чигтээ байгалийн музей болохоор тэр. Өнөөдөртөө төрсөн газарт нь л лав гэр музей байгуулах боломжгүй. Ямар ч гэсэн нэг самбар мэтхэн л байдаг даа. Төрөөс анхаараад хойч үедээ үлдэхүйц урт настай дурсгалын хөшөө зэргийг босгомоор юм. 2009 онд Б.Явуухулангийн 80 насны ойгоор төрсөн бууцан дээр нь 100 гаруй яруу найрагч нэгэн зэрэг “Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би” хэмээн уншихад бүртийх ч үүлгүй байсан тэнгэрт гэв гэнэтхэн үүлс хуралдаж бороо ганц нэг дусагнан баярын нулимс унагаж байсныг тэнд байсан бүх хүн гэрчилнэ. Тэр мөчид Монгол зохиолч байгальтайгаа үнэнхүү хүйн холбоотой юм байна гэсэн сэтгэгдэл надад төрсөн. Гэвч одоо зохиолчидын минь хүй цөглөсөн уул ус, бууц хонд нь байна уу, үгүй юу? Аль хэзээний ашигт малтмалын ашиглалтын талбайд ороод үгүй болж байгаа юу бүү мэд.
Эцэст нь хэлэхэд зохиолчид өөрсдөө “зохиолч” гэсэн нэрээ өндөрт өргөмөөр байна. “Энэ нэртэй зохиолч болтлоо мөн ч их бичлээ, авъяасгүйгээ мэдтэлээ мөн ч их бичнэ дээ” гэж хэлсэн Япон зохиолчийн үгийг тодхон санаж байна. Хаа газрын зохиолчид адилхан. Тэд л ийм мундаг үгийг хэлж чадна.
МЗЭ-ийн шагналт зохиолч Магваны Эрдэнэбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ