Улаан гал дундаас хүүхдүүдийн дууг “бид” сонсоогүй

Улаан галан дундаас хүүхдийн дууг “бид” сонсоогүй гэхээр та гайхаж байна уу? Өнөөгийн нийгэм ийм л дүлий, нүд нь сохор болчихоод байна. Балчир үрс минь та биднээс аврал эрэн анхаарал, хамгааллыг хүсэн гараа даллан хашгирсаар л байхад хэн ч тоохгүй, өвтгөсөөр, уйлуулсаар, өөрөөсөө түлхсээр л байна.

Биеийн шарх эдгэдэг, сэтгэлийн шарх эдгэдэггүй гэлцдэг. Ийн хэлэхийн учир балчир биедээ баймгүй зориг тэвчээр гаргаж, хайртай бүхнээ хамгаалаад энэ орчлонгоос харамсалтайгаар бурхны оронд одсон бяцхан үрсийн гашуун түүхийг санана.

Тодоос тод олон жишээ та бидний зүрхэнд харууслын гунигтайгаа хатаж амжаагүй байхад өөрсдийгөө хамгаалах чадваргүй бага насны хүүхэд золгүй байдлаар буюу галд өртөж амиа алдлаа гэх нэгэн мэдээлэл сонсогдож, сэтгэл сэртхийлгэв.

Хамгийн эмгэнэлтэй нь эдгээр хэргүүд та бидний хариуцлагагүй, болгоомж сэрэмжгүй хайнга байдлаас үүдэж гарсаар л байгаа юм.

Гал, усны аюул гэдэг хэлж ирдэггүй, мөн ам гарч болдоггүй гамшиг билээ. Гэр хорооллын айлууд урт гартнаас эд хогшлоо хамгаалж цонхоо төмрөөр торлуулдаг. Эдийн засаг хямралтай, өргөн хэрэглээний барааны үнэ ханш тэнгэрт хадсан хүнд үед харах хүнгүй ч бяцхан үрсээ гаднаас нь цоожлоод эцэг, эхчүүд хоёр идэж, хоосон хонохгүйн төлөө ажилдаа гарцгаадаг. Буруу өгөх аргагүй. Харамсалтай нь торлуулсан цонх, цоожтой хаалганы цаана балчир үрс минь амь тэмцэж, өвдөлт хорсолтыг мэдрэн хүний орчлонгоос буцна гэж хэн ч санах билээ дээ.

Ийм нэг харамсалтай хэрэг саяхан гарсныг иргэн хүн бүрт сургамж, сэрэмжлүүлэг болоосой хэмээн бичиж байна. Аймшигт хэрэг гарсан тэр өдрийг дахин сануулж, цааснаа үгээр сийрүүлэн сэтгэл зүрхийг тань өвтгөж байгаадаа хүлцэл өчье.

Хөвсгөл аймгийн төвд амьдардаг залуу гэр бүл 6, 2 настай хоёр хүүхдээ, мөн 12 настай дүүгээ галд алдсан зүрх шимшрэм хэрэг энэ сарын 8-нд гарчээ. Тэр өдөр дүүгийнх нь хүүхэд гээд 12 орчим настай хүү ирсэн байлаа.

Гадаа сэрүүхэн байсан учир гурван хүүхдийг гэрт нь цоожлоод гарч явжээ. Тэднийх хулгайчаас сэрэмжлээд бүх цонхоо төмөр тороор торлосон юм байна. Гэтэл гал гарч гурван хүүхэд амь гарах гэж чадах чинээгээрээ тэмцээд чадалгүй угаартаж нас баржээ. Дүрэлзсэн галын дунд 12 настай хүү тэмцэж, цонхыг хага цохих гэж гараа урж, цонхоор толгойгоо цухуйлгах гэж хүзүүгээ хагарсан цонхны шилэнд зүсүүлжээ.

Хэрвээ цонхоо тэгж торлоогүй бол гурван хүүхэд амьд гарах боломжтой байсан байна. Арваад аврагчид ирээд цонхыг онгойлгох гэж бишгүй оролдсон гэхээр ямархуу бат бөх байсан нь тодорхой юм. Хүү бүх цонхны шилийг хагалж, угаартаж үхэхгүйн тулд цонхоор толгойгоо гаргах гэж тэмцсээр амьсгал хураажээ.

Харин 6 настай охин дүүгээ тэврээд орон доогуур орж дээрээс олон хөнжлөөр хучсан байжээ. Ингэж хучвал амь гарна, дүүгээ хамгаална гэж бодсон ч байж магадгүй юм. Дүү нь эгчийгээ тас тэвэрсэн чигээрээ амьсгал хураасан байхад нь олжээ.

Энэ зөвхөн зүрх шимрүүлж, төсөөлөхөөс аймшигтай улангасах гал дунд эцсээ хүртэл тэмцсэн ч харамсалтайгаар амиа алдсан хүүхдүүдийн хамгийн сүүлчийн жишээ. Жил гаруйн өмнөхөн найман дүүгээ галаас аварч өөрөө биеийнхээ 40 хувийг түлсэн охиныг та бид мартаагүй, мартах ч ёсгүй.

Охин мөн л дүрэлзэн шатаж буй байшингийн цонхийг хагалж дүү нараа гаргаж амжсан. Аз болоход цонхны шилийг гадна талаас нь төмөр тороор торлоогүй байж есөн хүүхдийн халуун амь аврагдсан юм.

Монгол гэр галд амархан автдаг. Ердөө л тавхан минутын дотор дүрэлзсэн улаан галд бүрэн автаж үнс нурам л үлддэгийг монголчууд сануулдаг. Ийм гамшиг олон монгол өрхөд тохиолдож, олон ч хүүхдийн амийг аван одсон. Гэрийн ханаа өргөөд гарах нь бүү хэл, хаалганыхаа цоожийг эвдээд гарч чадахгүй үрс олноороо галд хайлсан юм.

Гэсэн хэдий ч хүн гэдэг амьтан хаширдаггүй бололтой. Гал гарч болох, гаргаж болох бүх эрсдлийг шалган нягтлах нь битгий хэл гал усны учир мэдэхгүй нялх үрсээ цоожлоод гардаг. Гарсаар л байна. Түгжигдсэн хүүхдүүд эцэг эхээ хүлээхийн зуурт авья гэсэн бүхнээрээ л тоглож нааддаг. Тэдэнд ямар бурууг өгөх билээ дээ.

Цонхны төмөр торыг тодотгож ярих гэсэндээ бус тоглож наадах, томоогүй гэнэн насан дээрээ цоожлуулж, эрхээ хасуулж байгаа хүүхдүүдийн дуу хоолой болж иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх гэсэн юм. Магадгүй үрсүүд минь хахир хатуу нийгэм, зав чөлөөгүй ээж ааваасаа амтатны дээд, өнгөтний тэргүүнийг бус өргөөд тэврэх халуун гар, үнсээд дэвсэх хайрын үгс, халамж хамгааллыг хүсэж байгаа.

Д.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ