ОХУ, АНУ-ын харилцаа дулаарна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри олон улсын тулгамдсан асуудлаар ОХУ-д албан айлчлал хийлээ. Тэрээр Сочи хотноо өчигдөр буюу тавдугаар сарын 12-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Гадаад харилцааны сайд Сергей Лавров нартай уулзаж, Украины хямрал, Ираны цөмийн хөтөлбөр, Йемен дэх Арабын лигийн орнуудын дайралт, Сири дэх иргэний дайн, төдийгүй Умард Солонгос саяхан цөмийн пуужин туршсан, “Исламын улс” бүлэглэл олон улсад ямар аюул занал учруулж байгаа тухай олон талт асуудлуудаар уулзаж санал солилцсон байна.
Жон Керригийн энэ удаагийн айлчлал Ялалтын баярын дараахан болж байгаагаараа онцлог. Аугаа эх орны ялалтын 70 жилийн ойн баярын арга хэмжээнд АНУ тэргүүтэй өрнөдийн гүрнүүдийн удирдагчид оролцохоос татгалзсан юм. Зөвхөн Германы канцлер Ангела Меркель л тавдугаар сарын 9-нөөс хойшхи арга хэмжээнд оролцсон. Тэгвэл Украины иргэний дайнаас шалтгаалан хоёр гүрний харилцаа хурцдаад байгаагийн нэг илрэл болсон энэ явдлын дараахан Жон Керри Орост ирлээ.
Тэрээр Сочи хотноо ерөнхийлөгч Путинтэй ганцаарчлан уулзаж ерөнхийлөгч Обамагийн байр суурийг дамжуулснаа ярилцсаны дараа ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров уулзалтад нэгдсэн байна.
Жон Керрийн энэ удаагийн айчлал олон нийтэд ил болохтой зэрэгцэн дэлхий дахины тогтвортой байдалд ихээхэн нөлөө үзүүлэх хоёр гүрний харилцааг хэвийн нөхцөлд оруулахад ихээхэн дэм өгөх яриа хэлэлцээр болно гэж найдаж байгаагаа ОХУ-ын ГХЯ-наас мэдээлсэн.
"АНУ-тай хийх харилцан яриа, Оросын ашиг сонирхлыг хөндөж, дарамт шахалт үзүүлэхгүй, тус улсын дотоод үйл хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх үндсэн дээр эрх тэгш хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нээлттэй" гэж тус яамны баримт бичигт тэмдэглэснийг "Интерфакс" агентлаг онцолсон байна.
Уулзалт хэлэлцээрийн явцад олон улсын хямралын асуудлаар хоёр талын талын санал бодлыг хангалттай солилцсон гэж дүгнэж байгаа талаар Оросын дипломатууд хэвлэлийнхэнд мэдээлсэн байна.
ОХУ-ын зүгээс Украины асуудлаас үүдэлтэйгээр авч хэрэгжүүлж байгаа олон улсын хориг арга хэмжээнүүдийг цуцлах талаас яриа хэлэцээрт саналаа түлхүү оруулсан бол Жон Керри мөн л Украинтай холбоотой санал бодлоо илэрхийлсэн байна.
Тухайлбал Донекц, Луганск зэрэг тусгаар тогтнолоо зарлаад байгаа улсуудыг зөвшөөрөхгүй байх, Умард Солонгост тавих хориг арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлууд түүний ярианд түлхүү дурдагдсан хэмээн албаны эх сурвалжуудаас авсан мэдээллээрээ өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тоймлосон байна.
Хоёр тал бүх байр суурин дээр нэгдмэл санаа бодлоор оролцоогүй нь тодорхой ч цөөнгүй асуудлуудаар зөвшилцөлд хүрсэн тухай хэвлэлүүд мэдээлж байна.
ОХУ энэ уулзалтыг өмнөөс товлоогүй байсан ч хоёр талын албаны хүмүүс дипломатуудын шаргуу яриа хэлэлцээрийн үр дүнд ийнхүү ОХУ-ын ерөнхийлөгч Гадаад хэргийн сайдтайгаа Америкийн төрийн нарийн бичигтэй уулзалдаж чадлаа.
Өмнө нь Жон Керри Сергей Лавров нар 2014 онд бүтэн цаг үргэлжилсэн уулзалт хийсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй юм. Керри, Лавров нар өөрсдийн байр суурийг илэн далангүй илэрхийлж, тус тусын ашиг сонирхлоо хамгаалсаар таарсан хэмээн тэр үед бичсэн байдаг.
Жон Керригийн зүгээс Украинаас Крымийг салгаж, ОХУ-д нэгтгэсэн бүх нийтийн санал асуулгыг хууль бус гэж үзсэн хэвээр буйгаа мэдэгджээ. Түүнчлэн тэрээр Украины асуудлыг дипломат аргаар шийдвэрлэхэд ОХУ-ын эрх баригчдын хүлээн зөвшөөрөхөөс татгалзаад буй Киевийн Засгийн газрын оролцоо зайлшгүй шаардлагатай гэдгийг онцолсон.
Тэгвэл энэ удаагийн уулзалтад Жон Керри Крымийн талаар юу ч дурсаагүй хэмээн баттай эх сурвалжууд хэвлэлийнхэнд мэдээлэл дуулгаж буй аж. Энэ нь Крым Оросын нэг хэсэг болсонтой америкчууд бүрэн эвлэрсэн гэсэн үг.
Ямартай ч хоёр гүрний харилцааны хурцадмал байдал энэ уулзалтын ачаар хэл амаа ололцож нааштай байдлаар эргэх шинж тэмдэг ажиглагдаж байна.
Жон Керри Сочид Оросын удирдлагуудтай уулзсаныхаа дараа Завокзалный районд байрлах дэлхийн хоёрдугаар дайны дурсгалын хөшөөнд цэцэг өргөсөнөөр энэ удаагийн айлчлал өндөрлөжээ.
Тэрээр Сочигоос нисэж Турзийн Анатоли хотноо хүрэлцэн ирээд байгаа тухай төрийн департаментийн төлөөлөгч Мари Харф мэдэгдсэн байна.
Тавдугаар сарын 13-нд буюу өнөөдөр Туркийн Анатали хотноо НАТО-гийн гишүүн орнуудын гадаад харилцааны яамны сайд нар уулзалдах бөгөөд Керри уг уулзалтын дараа Вашингтонд ирж, ерөнхийлөгч Барак Обамагийн Персийн булангийн орнуудын удирдагчидтай хийх уулзалтад оролцох ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ