Хойд Солонгос батлан хамгаалахын сайдаа их буугаар буудаж цаазалжээ

Хойд Солонгосын батлан хамгаалахын сайд Хён Ён Чолийг удирдагчийн тушаалаар цаазаар авсан тухай Сөүл мэдээлжээ. Мэдээллийн эх сурвалж нь БНСУ-ын тагнуулын төв газар болох NIS бөгөөд тэдний үзэж байгаагаар Ким Чен Ун батлан хамгаалахын сайдаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд цаазалсан гэнэ. Магадгүй энэ нь Ким Чен Уныг Ялалтын баярт оролцох гадаад айлчлалаасаа татгалзаж дотооддоо үлдэх шалтгаан байсан бололтой.
Хэдийгээр Ёнхап сайтад мэдээлснээр БНАСАУ-ын Ардын армийн сайд Хён Ён Чолийг удирдагч Ким Чен Унд үнэнч бус хандлага гаргасан, удирдагчийн оролцсон арга хэмжээний үеэр зүүрмэглэж, цэргийн зааварчилгаагаа өгөөгүй хэмээн буруутгасан гэж байгаа ч Умард Солонгосын цэргийн эрхтнүүдийн дунд төрийн эргэлт гаргах бүтэлгүй оролдлого гарсан байх талтай гэнэ.
Цэргийн эрхтнүүдийн бүтэлгүй төрийн эргэлтийн улмаас Ким Чен Ун ч Москваг зорихоос татгалзаж олон хүнийг цаазаар авсны дотор цэргийн салбарынх нь хамгийн том албан тушаалтан ийнхүү багтсан байна. Хён Ён Чолийг олон зуун хүний өмнө агаараас эсэргүүцэн хамгаалах зенитийн их буугаар буудаж цаазалсан гэнэ. Үүний өмнөхөн 15 хүнийг цаазалсны дотор хоёр дэд сайд, оркестрын дөрвөн хөгжимчин байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ