Оросууд төмөр замаа хятадуудаар бариулж эхэлжээ

Хятадын төмөр зам групп Москвагаас Казань хүртэл тавигдах хурдны галт тэрэгний замыг барих 390 сая ам.долларын гэрээг хийлээ. Энэ замыг явцдаа Хятад хүргэх зорилготой бөгөөд шинэ Торгоны зам төслийн нэг хэсэг аж. Гэрээ эцсийн байдлаар тавдугаар сарын сүүл гэхэд зурагдаж дуусах бөгөөд 2018 онд ОХУ-д болох Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй зэрэгцүүлэн ашиглалтад оруулах төлөвлөгөө гаргажээ. Учир нь тоглолт болох хотуудын нэг нь Казань юм байна.

Москва-Казан хоёр хотыг холбох энэ ажилд нийт 21,4 тэрбум ам. доллар төсөвлөсөн бөгөөд Татарстаны нийслэл хүртэл хурдны галт тэрэг гурван цаг гучин минут орчим давхих аж. Харин өнөөдөр энэ хооронд 14 цаг явж байж хүрч байгаа юм. БНХАУ энэ төслийг энгийн нэг хөрөнгө оруулалт биш харин Орос Европ хоорондын харилцаа, худалдааг сэргээх том алхам гэж үзэж байна. Цаашид ч Хятадын компаниуд Оросын хотуудын хоорондох төмөр замуудыг сэргээх, шинээр барих ажлуудад идэвхтэй оролцож үүнд нь Оросууд ч дуртай байх шинж тэмдэг ажиглагдаж байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ