Солонгос цэргүүд амиа хорлох явдал ихсэж байна

Өмнөд Солонгосын армийн бэлтгэл цэрэг Сөүл орчим дахь сургуулилтын баазад гал нээж, хоёр цэргийн амийг хөнөөн, хоёр цэргийг шархдуулсан байна. Бэлтгэл цэрэг “K-2” буугаар бусдынхаа эсрэг гал нээснийхээ дараа өөрийгөө бууджээ.

Өмнөд Солонгосын иргэд армидаа хоёр жил алба хаагаад чөлөөт цэргийн албан хаагч болдог бөгөөд тэд найман жилийн турш жилд нэг удаа армийн зэвсэгт сургуулилтад оролцож бэлэн байдлаа шалгуулдаг байна. Яг ийм сургуулилт Сөүлийн ойролцоох цэргийн баазад болсон бөгөөд оролцсон бүх чөлөөнд байгаа цэргийн албан хаагчдад буу зэвсэг тарааж өгчээ. Энэ үеэр Чой овогт нэгэн бусад хүмүүс рүү буудаж эхэлсэн байна. Түүнд хамгийн ойр байсан хоёр албан хаагч газар дээрээ нас барсан ба өөр нэг цэрэг болон сургагч офицер буудуулан газар унасан байна.

Шуугиан дэгдэж цэргүүд түүн рүү буу шагайж зэвсгээ хаяхыг шаардахад тэрээр өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн байна. Шинжээч, мөрдөгч нар энэ хэрэг явдлыг ямар нэгэн террорист халдлагын учир шалтгаан байхгүй цор ганц амиа хорлогчийн сэтгэлзүйн байдал тогтворгүй, ямар нэгэн асуудалтай байсан нь ийм харамсалтай явдалд хүргэсэн гэдгийг урьдчилан зарлаад байна.

Армийн хэвлэлийн төлөөлөгч Ко Донг Хьюний хэлснээр бол Чой овогт автомат К-2 буундаа байсан сумыг бараг дуусгасан бөгөөд дөрвөн хүн оногдсон гэжээ. Өнгөрсөн жил үүнтэй төстэй хэрэг хэд хэд гарсан юм. 2014 оны тавдугаар сард үед буун дуу гаргасан цэрэг нь байнгын албан хаагч бөгөөд гранат дэлбэлж хамт алба хааж байсан таван нөхрөө хөнөөж долоог нь шархдуулсан бол 2014 оны наймдугаар сард мөн л цэргийн ангид буун дуу гарч нэгэн цэрэг гурван офицероо буудан хөнөөсөн юм.

Тиймээс сэтгэлзүйн тогтворгүй байдлын улмаас гартаа байгаа галт зэвсгээ ашиглан бусдад уур бухимдлаа гарган хүний аминд хүрэх, эргээд өөрийгөө хорлох явдал Өмнөд Солонгосын армид ойр ойрхон гарах болсон байна.

Энэ явдлыг уулаас нийгмийн болон хувийн элдэв асуудлуудаас сэтгэцдээ хүчтэй нөлөөлөл авдаг солонгос иргэдийн дунд их болсонтой холбон ойлгож байна.

Цэргүүдийн дунд армид татагдан ирэхдээ сэтгэцийн эмгэгтэй эсвэл бусдад доромжлуулсан залуус их байдаг, албаа хааж дуусгасан ч галт зэвсэг гарт нь дахин ирэх мөчийг алдалгүй сэтгэцийн аймшигт хэргээ үйлдэх болдог гэнэ.

Дэлхийд амиа хорлолтын түвшнээрээ Солонгос улс нэгдүгээрт бичигддэг. Өмнө нь Хан мөрөнд үсрэх, модноос боомилох зэргээр амиа хорлосон хэрэг явдал тогтмол гардаг байсан бол сүүлийн үед ийнхүү галт зэвсэг ашиглан өөрийгөө хороохдоо бусдыг хохироох явдал ихсэж байна хэмээн Yonhap news болон CNN агентлагт дурджээ.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ