Ээж аавдаа гологдож амьдаараа оршуулагдсан ч ид шидийн мэт аврагджээ

Хятадад амьдаар нь оршуулсан бяцхан хүүг долоо хоногийн дараа аварсан явдал хэвлэл мэдээллийнхэн болон олон нийтийн сүлжээний томоохон сэдэв болж байгаа тухай www.dailymail.co.uk, CNN агентлаг уламжиллаа. Дөнгөж төрсөн нярай хүүг үхсэн хэмээн амьдаар нь оршуулсан гэрийнхнийг нь цагдаагийн газраас баривчилж хүний амийг санаатайгаар хороох гэлээ хэмээн мөрдөн байцаалт явуулж эхэлсэн байна.

Хятадын өмнөд нутаг болох Куаншид энэ явдал болсон гэнэ. Ууланд цаасан хайрцагт хийж оршуулсан бяцхан хүүг сайн санаат хүмүүс олж олж цагдаагийнхныг дуудсан байна. Хүү амьд байсан ч хариугүй үхэхийн даваанд дээр байсныг эмч нар баталжээ. Цагдаа нар яаралтай мөрдөх ажиллагаа явуулж хүүгийн эцэг эхийг олж тогтоон баривчилжээ.

Синьхуа агентлагийн мэдээлснээр бол хүү төрөхдөө уруул нь сэтэрхий зэрэг төрөлхийн гажигтай байсан байна. Дөрөвдүгээр сарын 20-нд мужийн эмнэлэгт мэндэлсэн хүү дөрөв хоногийн дараа өндөр хэмээр халуурч эмнэлэгт хэвтсэн байна. Энэ үеэр хүүгийн эцэг эх хүн болохгүй хүүхэд байна хэмээн хүний үнэргүй шахам санаа агуулж эхэлсэн байна.

Улмаар эмнэлгээс төрсний гэрчилгээ, даатгалын мөнгө зэрэг зүйлсийг авсаны дараа төрөл төрөгсөд нь хүүгийн бие хэвийн болмогц авч явжээ. Ингээд эмэг эх нь нэгэн эрэгтэйг 290 доллараар хөлсөлж авчээ. Хөлслөгдсөн эрэгтэй хүүг цаасан хайрцагт хийж эзгүй цөл газар аваачиж тавьсан байна. Ингээд хоёр хоногийн дараа хүүг нас барсан гэж үзсэн хөлслөгдсөн эр болон ар гэрийнхэн нь оршуулах ёс хийж ууланд газарт булсан байна.

Гайхамшигтай ч гэмээр ус уух хувьтай хүү хэд хоногийн турш амьд байж аз болж эмийн ургамал түүж явсан эмэгтэй түүний уйлах дууг сонсчээ. Ингээд эмэгтэйн хамт явсан тариачид цагдаагийнхныг дуудсанаар энэ аймшигт хэрэг олон нийтэд ил болсон юм.

Хүү анх мэндлэхдээ эмнэлэгт 3.5 кг хэмээн бүртгэгдсэн бол аврагдах үедээ 2.6 кг болсон байжээ. Цагдаа болон эмч нар хүүг дор хаяж долоо хоног үхэлтэй тэмцэлдэж ус уухаар тэссэн хэмээн тооцож байгаа аж. Өмнө нь нялх хүүхэд олон хоногоор эзгүй хээр хаягдсан тохиолдол Австралийн цөлд гарчсанамсаргүй хаягдсан хүү зургаа хоног тэссэн юм.

Одоогоор эцэг эх болон эмэг эх зэрэг таван хүнийг санаатайгаар хүний амь хороох гэсэн хэрэг үүсгэн цагдаа нар хорьж байгаа юм. Гэсэн хэдий ч ар гэрийнхэн нь хүүг эргүүлэн авах хүсэлтээ илэрхийлээд байгаа гэнэ. Түүний өвөө болон бусад ар гэрийнхэн нь эмнэлэгт ирж хүүг аврагдсанаас нь хойш анх удаа харсан байна.

Энэ явдал мужийн эмч нар болон орон нутгийн удирдлагуудын анхаарлыг татаж идэвхтэй оролцож эхэлснээр нийгмийн сүлжээнд ч ихээхэн шуугиан тариад байгаа гэнэ. Хятадын Иргэний хэргийн товчооны удирдах албаны хүн энэ явдалтай холбоотой мэдэгдэл хийж төр засаг аврагдсан хүүг ар гэрийнхэнд нь буцааж өгөх бодолгүй байгаа тухай, буцааж өгсөн тохиолдолд хүүгийн эрүүл мэнд аюулгүй байдалд эрсдэл учрах магадлалтай байгаа тухай зарласан байна. Улс өөрийн зардлаар хүүг эмчилж, өсгөж өндийлгөх ба гэрийнхэн нь хүнд ял амсах магадлалтай байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Хятадад хүүхдийн эрх зөрчихтэй холбоотой хэрэг явдлууд үе үе олон улсын мэдээллийн агентлагуудын сонорт хүртлээ шуугиан дэгдээдэг. Тухайлбал өмнө нь бяцхан хүүг машинаар алгуурхан дайрсан жолоочийн хэрэг ихээхэн шуугиан дэгдээж эцэст нь жолоочийг хуулийн байгууллагынхан баривчилжудаан хугацаанд шүүсний эцэст цаазын ял оноосон юм. Мөн төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өрхийн санхүүд эмчилгээний зардал, тусгай боловсролын зардал зэргээр ихээхэн хүндээр нөлөөлдөг тул зарим гэр бүлүүд үр хүүхдээ хаях нь их байдаг гэнэ.

Тэгвэл энэ удаа эцэг эхдээ гологдож амьдаараа оршуулагдсан хэдий ч ид шид тусалсан мэт явдал шуугиан дэгдээж байна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ