Моди ба Орос, Хятад

Моди ба Путин

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модид нутаг нэгтнүүд нь төдийгүй олон улс даяар ихээхэн итгэл хүлээлгэж, ирээдүйтэй шилдэг удирдагч хэмээн үзэж байгаа юм.

ОХУ байгалийн хийгээр геополитикийн гайхамшигтай тоглолт хийж чаддаг улс. Байгалийн хийн шугам, хоолойг аль улсад очуулах вэ, хаагуур яаж явуулах гэдэг тоглолт Орос болон түүний эргэн тойронд Евразийг дамнан өрнөж байдаг. Энэ тоглолтоос Энэтхэг ч бас хоцордоггүй.

Та магадгүй гайхах байх. Энэтхэг, ОХУ нь хоорондоо алс хол зайтай оршдог учир байгалийн хийн дамжуулах хоолойг барих ямар ч боломжгүй бизээ хэмээн. Тэгвэл алс хэтдээ 20, 30 жилийн дараа Оросын байгалийн хий дэлхийн зах зээлийн асар том төв болоод байгаа Энэтхэгт хэдийнэ хүрсэн байх магадлалтай аж. Хүрэхэд бол асуудалгүй, гол нь хэзээ хаагуур гэдэг асуудлыг л шийдэх хэрэгтэй аж. Дэлхийн байгалийн баялаг улам бүр шимэгдэн багссаар байгаа нөхцөлд хүн амаараа тэргүүлэгчдийн нэг Энэтхэг улс Оросын хийг өөртөө татах нь яавч хийх ёстой ирээдүйн том ажил нь.

Дэлхийн зах зээлийн төв болж байгаа, өдрөөс өдөрт үйлдвэрлэл нэмэгдсээр байгаа Энэтхэг улсад байгалийн хийн хоолойг Хятад, Түвдээр дамжих уу, Казакстан, Киргизстанаар дамжуулах уу гэдэг нь ердөө л цаг хугацааны түр зуурын шийдлийн асуудал болоод байгаа. Ямартай ч олон арван жилийн дараа гэхэд Энэтхэг улс ирээдүйн хэрэгцээгээ хангачихсан суух тохироог одоо Нарендра Моди өөрийн гараар зурж байна.

Орос Энэтхэгийн хооронд Куданкуламын атомын цахилгаан станцын гурав, дөрөвдүгээр нэгжийг барих асуудал сүүлийн үед идэвхтэй хөндөгдөж байгаа. Энэтхэг улс нь Оросын зэвсгийн бүтээгдэхүүний хамгийн том зах зээлийн нэг. Тоо хэмжээ, үзүүлэлтээрээ бүхэл бүтэн тив буюу Африкийн дараа ордог. Энэ харьцуулалтаас харахад улам баяжсаар, хүчирхэгжсээр буй Энэтхэг рүү Оросын асар их хэмжээний зэвсэг хэрэгсэл цутган орсоор байгаа юм.

Моди ба Си

Монголд ирэхийнхээ өмнө Нарендра Моди манай өмнөд хөршид гурав хоногийн айлчлалаа хийгээд Улаанбаатарт буух юм. Хятад, Энэтхэг хоёр улс нь дэлхийн хүн амын 40 хувь оршин суудаг Азийн хамгийн том өрсөлдөгчид, тэднийг дэлхийн хамгийн хүчирхэг удирдагчид удирдаж байна.

Энэтхэг, Хятад улсууд 1962 онд хилийн маргаанаас богино хугацааны цэргийн мөргөлдөөнд хүрч байсан. Түүнээс хойш дөчөөд жилийн турш Энэтхэг, Хятадын харилцаа хөндүүр сэдэвтэй, хүйтэн хэвээр ирсэн юм. Моди, Си нарын үед хоёр гүрний харилцаа дулаарч байгааг шинжээчид онцолж байна.

БНХАУ-ын дарга Си Зиньпин Энэтхэгийн Ерөнхий сайд Модиг Бээжин хотод бус төрсөн нутаг болох Шэньси мужийн Сиань хотдоо өчигдөр хүлээн авсан байна. Гадаадын төр, засгийн тэргүүнийг төрсөн нутагтаа хүлээн авч буй нь Хятадын Ерөнхийлөгчийн хувьд ховор тохиолдол юм.

Төрийн мэдлийн “China Central” телевизийн мэдээлснээр, хоёр удирдагч тус хотод хэлэлцээгээ хийж, “Торгоны зам” эдийн засгийн санаачилгад Энэтхэг улсыг хамтран ажиллахыг Си Зиньпин хүссэн байна. Мөн тэрбээр Ази, Европыг далайн болон хуурай замаар холбох эдийн засгийн төлөвлөгөөг санал болгожээ. Тэрчлэн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд дэмжлэг үзүүлэхийг Си Зиньпин Модигоос мөн хүсчээ.

Хоёр улсын худалдааны эргэлт 2014 онд 71 тэрбум ам.долларт хүрсэн байна. Гэвч Энэтхэгийн тал 2001 онд Хятадтай хийсэн худалдааны алдагдал нэг тэрбум ам.доллар байсан бол энэ нь сүүлийн жилүүдэд огцом өссөнийг тэмдэглэжээ.

Хоёр улсын сүүлийн жилүүдийн хөгжлийн цар хүрээ Хятад, Энэтхэгийн харилцаанд өөрчлөлт хийх тохиромжтой цаг болсныг сануулсаар байгаа юм. Хоёр улсын шинэ удирдагчид болох Си болон Моди нарын аль аль нь ирэх 10 жилийн турш өөрийн үндэстнүүдийг захирах бөгөөд улс төрийн хувьд тогтвортой байх хандлагатай байна. Тиймээс дэлхийн шилдэг лидерүүдээр нэрлэгддэг хоёр эрхэм хамтын ажиллагааны шинэ замын зураглалыг бий болгох нь тодорхой.

Энэтхэг, Хятад хоёр гүрний харилцаа асар их хөгжлийн нөөцтэйг Нарендра Моди онцолжээ. Тэрээр хэлэхдээ, Энэтхэг Хятад хоёр орон хамтран ажиллаж, хөгжиж байгаа орнуудын хөгжилд туслан, ядуурлыг арилгах ёстой. Түүнчлэн Хятадын иргэдтэй хэлхээ холбоогоо нэмэгдүүлэхийг хүсч байна гэжээ. Саяхан тэрээр Хятадын "Sina" цахим блогт өөрийн хуудсыг ажиллуулж эхэлсэн бөгөөд хятад хэлээр блог хөтөлж эхэлсэн гадаадын анхны Ерөнхий сайд болсон юм. Нээгдээд удаагүй боловч түүний блог хэдийнэ 46 мянган хятад дагагчтай болжээ.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ