Туялзуур сэлэмчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

Туялзуур сэлэмний 2013 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн 6 дугаар сарын 3-9-нд БНХАУ-ын Шанхай хотноо болно. Уг тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодорчээ. Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Б.Баттөмөр, Б.Батхүү, Б.Батхүлэг, Ц.Жигжидсүрэн, хөнгөн сэлэмний төрөлд Э.Дөлгөөн, эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Э.Орхон, Б.Гэрэлмаа, хөнгөн сэлэмний төрөлд Б.Цолмон нар тус тус оролцох бол багийн ахлагчаар Г.Алтангэрэл, ерөнхий дасгалжуулагчаар Д.Ганбаатар нар ажиллана. Тамирчдыг сонгон шалгаруулахдаа Монголын туялзуур сэлэмний “Шелл” чансааг харгалзан үзжээ. Монголын багийн нислэгийн ивээн тэтгэгчээр “Хүннү Айр” компани ажиллаж байгаа аж.

Монголд туялзуур сэлэмний спорт 2009 онд хөгжиж эхэлснээс хойш дөрөв дэх удаагаа тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй нь энэ бөгөөд өмнө нь 2009 онд Катарын Дохад нэг тамирчин, БНСУ-ын Сөүлд 3 тамирчин, Японы Вакаяамад болсон тэмцээнд 7 тамирчин оролцож байв.

Энэ жил манай насанд хүрэгчдийн шигшээ баг Унгарын Будапешт хотноо болох ДАШТ, БНХАУ-ын Тяньжин хотноо болох Зүүн Азийн наадамд тус тус оролцох бол өсвөрийн баг “Наньжин 2013” Азийн хүүхддийн наадамд оролцох юм.

А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ