О.Пүрэвбаатарыг доромжилсон Д.Дагвадоржийн үйлдэл
Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид “Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-г шинэчлэн зохион байгуулах Түр хороо” байгуулж, өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн нь олны анхаарлын төвд хэвээр байна.
Тус мэдээллийн үеэр Монгол Улсын Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар Казахстанд болсон 2014 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн /ААШТ/-ий үеэр МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж өөрт нь ёс зүйгүй үйлдэл гаргасан талаар гомдол хэлсэн юм.
Болсон явдлын талаар тодруулахад, өнгөрсөн жилийн ААШТ-д Монголын эрэгтэй баг тамирчид нэг алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртснээр багаараа мөнгөн цом авах болзол хангасан юм. Гэтэл шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар эл шагналыг гардахаар шагналын тавцанд гарах гэж байтал холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж түүнийг дуудан болиулж, Монголын шигшээ багийн цамцыг нь тайлуулан авч, огт танихгүй казах залууд өмсгөн, шагналын тавцанд гаргаж байжээ.
Монголын соёмботой, шигшээ багийн хувцсыг гадны хүнд өмсүүлэн, Монголын шигшээ багийн шагналыг авахуулсан учрыг чөлөөтийнхөн ярихдаа, “Мань казах Д.Дагвадоржийн бизнесийн хамтрагч байсан” гэлцэх юм билээ.
Монголын чөлөөт бөхийн нэр нүүрийг нэгэн үе ганцаараа тахалж явсан, Дэлхийн аваргын хошой мөнгөн медальтай, монголчуудын их спортын бахархал болсон хүнийг барилдаж явсан үе тэнгийн бөхчүүдийнх нь өмнө, шавь нарынх нь нүдэн дээр хувцсыг нь булааж аваад, шагналын тавцанд хүргэлгүй буулгана гэдэг хэн хүний тэвчихэд бэрх бүдүүлэг үйлдэл гэхээс өөр юу гэх билээ.
Энэ жилийн Азийн аваргад гурван тамирчиндаа хуурамч виз гаргаж өгснөөс болж, хилийн дээс алхуулж чадаагүй МЧБХ-ныхон өнгөрсөн жилийн Азийн аваргад бас ийм будилаан хутгаж явжээ.
Дашрамд мэдээлэхэд, шигшээ багийн тамирчдад хуурамчаар виз бүрдүүлсэн МЧБХ-ны удирдлагууд болон холбогдох хүмүүсийг цагдаагийн байгууллага шалгаж, өнгөрсөн баасан гаригаас эхлэн байцаалт авч эхэлжээ.
Казахстан 2014 он: Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн ААШТ-д эхний гурван байр эзэлсэн багийн дасгалжуулагчид шагналын тавцанд.
Зургийн голд зогсож байгаа нь “Алтан цом” хүртсэн Иран улсын дасгалжуулагч. Баруун гар талд зогсч буй нь мөнгөн цом хүртсэн Монголын багийг төлөөлж, Д.Дагвадорж аваргын хүсэлтээр Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын оронд шагналын тавцанд гарсан казах залуу. Зүүн гар талд зогсч буй нь хүрэл цом хүртсэн Казахстан улсын дасгалжуулагч.
Өмнө эгнээний баруун гар талд зогсч буй хүн бол /Гараа сойсон/ Дэлхийн бөхийн холбооны ерөнхийлөгч Нэнад Лалович.
Б.ЭНХ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ