Х.Тэмүүжингийн бодлогогүй шинэчлэл үргүй зардлын уурхай болсоор

Засгийн газар найман тэрбум ам.долларын гэрээ хэлцэл хийсэн долоо хоног өнгөрлөө. Эдийн засгийн хямралаас гарах найдвар алхам алхмаар нэмэгдсэн энэ өдрүүдийг олон нийт сайн мэдээтэй долоо хоног гэж дүгнэв. Гэсэн хэдий ч ёроолгүй сав мэт төрийн албадаар дамжин төсвийн мөнгө урссаар л байна.
Санаатай болон санамсаргүйгээр, үргүй зардал гаргасаар байгаагийн нэг жишээнд төрийн эрх мэдлийг ашиглан өөрийн дураар бодлогогүй шинэчлэл хийгчдийн балаг ч бас ордог. Яг ийм асуудалд Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин орооцолдож орхив. Өмнө нь хуулийн багш байсан энэ залууд монголчууд итгэж, шударга үнэнч төрийн түшээ хэмээн хүндлэн боломж олгосон. Харамсалтай нь ийм боломжийг Х.Тэмүүжин ашиглах гэхдээ алдаж орхисон юм.
Хуульзүйн салбар Х.Тэмүүжингийн шинэчлэлд өртөн дээр доргүй, хөл толгойгоо олохгүй болтлоо бужигналдаж эцэст нь бүр хагаралд хүрснийг бид өнгөрсөн жилүүдэд харсан.
Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба татан буугдаагүй байхад гэмт хэрэгт холбогдсон цагдаа, шүүх, прокурор, тагнуул гээд хуулийн салбарт ажиллаж буй алба хаагчдыг энэхүү алба шалгаж үнэн зөвийг тогтоодог байлаа. Харин шинэчлэлд өртсөнөөр Улсын прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаснаар хуулийн салбарт цагдаа цагдаагаа, шүүгч шүүгчээ, прокурор прокуророо шалгадаг гаж тогтолцоо гарч ирсэн гэж болно. Төрийн аппарат хоорондын асуудал үүссэн гэж болно. Өдгөө ч энэ асуудал хэвээр л байна. Мөн тойргийн шүүхийн системийг байгуулах нь хамгийн зөв сонголт гэсээр ёсоор болгосон. Харин ШЕЗ-өөс шүүхүүдээс судалгаа авахад тойргийн системийг өөрчлөхгүй байхыг дэмжсэн байгаа юм. Үүнээс болж хаа хаанаа янз бүрийн л асуудал гарч ирж, ард түмэн ч мэтгэлцэх дээрээ тулж байна. Хамгийн гол нь тойргийн систем Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж учирмэдэх хүмүүс тайлбарлаад байгаа.Тиймээс ШЕЗ-өөс шийдвэрт дурдсан үндэслэлүүдийг буюу шүүхийн бүтэц зохион байгуулалтын ажлыг дахин харж, шүүх байгуулах тухай хуулийн төслийг өргөн бариад байгаа.
Гагцхүү энэ шинэчлэл, өөрчлөлтийн дунд төсвийн мөнгө туршилтын туулай болсоор байгаа нь харамсалтай. Одоо энэ алдааг Д.Дорлигжав засахын тулд татан буугдсан байгууллагыг сэргээж, хуулийнхныг хуулиас айдаг болгохын тулд бас л томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй болов.
Тойргийн шүүх байгуулахад багагүй төсөв зарцуулсныг хүн бүр мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, 2013 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлээд шинэ тойргийн системээр ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд багагүй мөнгө зарцуулсан байдаг. Тэгвэл шинэ шүүх байгуулах асуудалд ч их хэмжээний мөнгөн дүн яригдаж байгааг нуух юун.
Бүр тодруулбал, нэг жилийн хугацаанд шүүгч томилолтоор ажиллахад ойролцоогоор 180-аад сая төгрөгийн нэмэлт зардал гарахаар байгаа аж. Үүнийг одоо байгаа төсвийн хэмжээнд зохицуулаад шийдэж болох юм гэж үзэж байгааг ШЕЗ-өөс онцоллоо. Түүнээс гадна шүүгчдийн тоо нэмэгдэх учир ойролцоогоор жилдээ 3 тэрбум төгрөгийн нэмэгдэл зардал гарахаар тооцоо гарч байгаа гэнэ.
Одоогийн байдлаар 2, 3 шүүхийг нийлүүлж давж заалдах шатны иргэний болон эрүүгийн шүүхийг байгуулаад байгаа. Өнөөдрийн байдлаар иргэний 10, эрүүгийн 10 давж заалдах шатны шүүх байна. Мөн 2,3 шүүхийг нийлүүлэн нэгдүгээр шүүх, хоёрдугаар шүүх гэж нэрлэсэн. Энэ нь Үндсэн хуулинд нийцэхгүй, тодруулбал, иргэдийг шүүхээс холдуулж, шүүх иргэдэд хүрч ажиллаж чадахгүй байна гэсэн шийдвэр гарсан учраас үүнийг болиулахаар болжээ. Харин шүүхийн тухай хуульд нэмэлт оруулж, шүүх аймаг бүрт хуралдаанаа явуулдаг болохоор зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, тойргийн системээр Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийг нийлүүлэн нэг давж заалдах шатны шүүх байгуулж, Дорнод, Сүхбаатар аймгийн иргэд хуралдаанд оролцохын тулд Хэнтий рүү явдаг байсныг болиулж, иргэд биш шүүгчид нь өөрсдөө аймаг аймагт очиж хуралдаан хийдэг болгохоор зохицуулахаар саналаа хүргүүлжээ. Хэрэв энэ шинэлчлэлийг УИХ-аар баталвал ирэх долдугаар сарын 1-нээс шинэ бүтцээрээ ажиллаад эхлэх нь ээ.
Хамгийн гол нь Х.Тэмүүжин сайд энэ бүхнийг яагаад судалж үзэлгүйгээр хэрэгжүүлж, хууль зөрчсөн зүйл хийв гэдэгт л иргэд дургүйцлээ илэрхийлж байна. Төрийн албаныхан хийгээд хууль санаачлагчдын алдаатай шийдвэр, шинэчлэлээс болж төсвийн мөнгө хороогдож, шүүх ч “утсан хүүхэлдэй” аятай байр сууриа олохгүй бөнжигнөж байгаагийн тод жишээ энэ юм. Мэдээж шинэчлэл хийхэд мөнгө, төсөв шаардлагатай, зарцуулагдах нь ч тодорхой. Гэвч ажил хийхийнхээ өмнө, амьдралд хэрэгжүүлэхийнхээ өмнө сайтар нягталж аль аль талаас нь харж үзэж байвал сайн сан.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ